Зудад өртсөн малчдын 800 гаруй хүүхдэд унааны дэмжлэг үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-03-05 16:06:43

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Япон Улсын "Хүүхдийг ивээх сан"-гийн санхүүжилтээр Баян-Өлгий аймгийн гурван сумын 6 сургуульд хэрэгжсэн “Зудад өртсөн малчдын хүүхдүүдэд боловсролын дэмжлэг үзүүлэх, сургуульд түшиглэсэн гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхыг бэхжүүлэх” төсөл өндөрлөлөө.

Уг төсөл нь өнгөрсөн оны гуравдугаар сарын 1-нээс энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаанд хэрэгжиж, Булган сумын бүрэн дунд сургууль, тус сумын Ёлт, Шүвтэр багийн бага сургууль, Сагсай сумын бүрэн дунд сургууль, Даян бага сургууль, Өлгий сумын хоёрдугаар бүрэн дунд сургуулиуд хамрагдсан байна.

Төслийн хүрээнд зорилт сургуулиудад 228 тонн нүүрсний дэмжлэг үзүүлжээ. Зудад өртсөн малчдын ээлжит улирлын хичээл эхлэх үеэр унаа тээврийн асуудлаас болж хичээлд хугацаандаа ирж чадаагүй 801 хүүхдэд унааны тусламж үзүүлж, 626 хүүхдийг амин дэмээр хангажээ. Түүнчлэн сургуулиудын дотуур байранд суурин утас байршуулж, хүүхдүүд хүссэн үедээ эцэг, эхтэйгээ холбоо барих боломж бүрдүүлэх, ханиад томууны улиралд урьдчилан сэргийлэх болон өвдсөн үед хэрэглэх эм, гар ариутгах бодис, даралтын аппарат зэрэг эрүүл мэндийн багцуудыг олгох, зуд, мал төллөлт болон бусад хүндэтгэх шалтгаанаар зургаагаас дээш хоногоор хичээлээ тасалсан малчдын хүүхдүүдэд монгол хэл, математикийн хичээлээр нөхөн олгох сургалт явуулах, сургуульд түшиглэн гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхыг бэхжүүлэх,  амьжиргааны түвшин нь 360-аас доош оноотой, 200-аас доош малтай 120 өрхийн 283 хүүхдэд мөнгөн тусламж олгох зэрэг ажлуудыг зохион байгуулсан байна.

Төсөл хэрэгжүүлэгчид өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлаа энэ сарын 2-ны өдөр аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавалд танилцуулж, цаашид хэрхэн үргэлжлүүлэх талаар санал бодлоо хуваалцсан байна.
 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ