Хэнтий аймгийн соёлын төвийн эрхлэгч нар ажлын байраа сольжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-03-05 15:36:25
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас санаачлан “Хамтдаа хөгжье-соёл урлаг” уриан дор сумдын соёлын төвийн эрхлэгч нараа туршлага солилцуулж сэлгэн ажиллуулж байна.

Тус арга хэмжээний гол зорилго нь хөдөөгийн соёлын байгууллагын удирдлага зохион байгуулалтыг шинэ шатанд гаргаж, харилцан туршлага солилцох, тэдний ажлыг өөр сум орон нутгийн ард иргэдэд шинэ соргогоор харуулж, тухайн орон нутгийн соёлын өвөрмөц байдлыг судлах сурталчлахад чиглэж байгаа юм байна.

Сумдын соёлын төвийн эрхлэгч нар тухайн очсон сумандаа "Соёлын бүтээлч үйлдвэрлэл" хөтөлбөрийг  хэрэгжүүлэх чиглэлээр нэг ажил санаачилж хийх,  өөрийн шилдэг тэргүүн туршлагаас тодорхой нэг ажлыг хэрэгжүүлэх, угийн бичгийн талаар нийтийг хамарсан томоохон ажил өрнүүлэх зэрэг ажлуудыг заавал хийсэн байхаар удирдамжид тусгагджээ.

Хэнтий аймаг нийт 18 сум дөрвөн тосгонтой бөгөөд эдгээр сум тосгодын соёлын төвийн эрхлэгч нар хоёр ээлжээр тав хоногийн хугацаанд сэлгэн ажиллаж байна. Энэхүү солилцоо арга хэмжээг дүгнэсэн хурал тун удахгүй тус аймгийн Боловсрол, соёл урлагийн газар болох аж.
 Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ