Арменийн шинэ ерөнхийлөгч тодров

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-03-02 17:54:16
ЕРЕВАН. /ТАСС/. Арменийн парламентад баасан гарагт явуулсан нууц санал хураалтын дүнд Армени Улсаас Их Британид суугаа элчин сайд Армен Саркисян тус улсын шинэ ерөнхийлөгчөөр сонгогдов гэж ТАСС агентлаг мэдээлэв.
 
Тооллогын түр комиссын дарга Гагик Меликяны мэдээлснээр, саналын хайрцгийг нээхэд парламентын 105 депутатаас 101 нь санал хураалтад оролцсон нь тогтоогдсон байна. Саналын нэг хуудсыг хүчингүйд тооцжээ. Ингээд Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн цорын ганц нэр дэвшигчийг 10 депутат эсэргүүцэж, 90 депутат дэмжсэнээр Армен Саркисян Арменийн ерөнхийлөгчөөр сонгогджээ.
 
Арменийн парламентын дарга Ара Баблояны мэдээлснээр, тус улсын шинэ ерөнхийлөгч дрөвдүгээр сарын 9-нд болох Үднэсний хурлын хуралдаан дээр албан тушаалаа хүлээн авах юм байна. Үндсэн хуулийн шинэтгэлийн хүрээнд Армени улс нь парламентын засаглалд шилжиж, хязгаарлагдмал бөгөөд төлөөллийн үүрэгтэй төрийн тэргүүнийг Үндэсний хурлын депутатууд сонгодог болсон юм.
 
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ