Бүрд суманд нийслэлээс мөнгөн тусламж үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-03-02 17:54:03
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Бүрд сум нь улсын хэмжээнд өвөлжилт хүндэрч, зудын байдалд хүрсэн таван сумын нэг юм. Сумын нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байгаагаас малчдад багагүй бэрхшээл учирч байна.
Тиймээс сумын удирдлагууд НЗДТГ-т тусламж хүссэн хүсэлт гаргасны дагуу нийслэлийн Засаг даргын хуулийн ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар нар Бүрд сумын нөхцөл байдалтай танилцаж, НЗДТГ-с үзүүлж буй мөнгөн тусламжийг сумын ИТХ-ын дарга А.Болдбаатар, сумын засаг дарга Г.Баярмөнх нарт хүлээлгэн өгчээ
Бүрд сумын Засаг дарга Г.Баярмөнх “Бидний тавьсан хүсэлтийг хүлээн авч, сум орны нөхцөл байдалтай танилцан тусалж байгаа нийслэлийн удирдлагууддаа баярлалаа. Энэхүү тусламжаар малчдад өвс тэжээл хүргэж өгөх, отор нүүдэл хийж байгаа малчид руу хандсан арга хэмжээнд зориулан зарцуулалтынхаа тайланг нийслэлийн удирдлагуудад хүргүүлэх болно” гэв.
Бүрд сум нь нийслэлийн анх шав тавьсан газар юм.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ