Цагаан ордны олон нийттэй харилцаа холбоо тогтоох газрын дарга Хоуп Хикс огцорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-01 18:34:59

 

МОСКВА. /Би-Би-Си/. Цагаан ордны олон нийттэй харилцаа холбоо тогтоох газрын дарга Хоул Хикс албан тушаалаасаа огцорч байгаа тухай Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлсэн байна. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай олон жил хамтран ажиллаж байсан юм. 

Өдгөө 29 настай бүсгүй Х.Хикс өмнө нь Цагаан ордны стратегийн харилцааны албаны даргаар ажилаж байжээ. Түүнчлэн Д.Трампын сонгуулийн штабын хэвлэлийн албаны нарийн бичгийн даргаар ажилладаг байсан аж. Түүнийг Д.Трампын хамгийн найдвартай туслагч нарын нэг гэж үздэг байна.

“Х.Хиксийн огцрох тухай шийдвэр нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Орос улс хөндлөнгөөс оролцсон байж болзошгүй гэх хэргийг мөрдөн шалгах хүрээнд АНУ-ын Конгрессын тагнуулын асуудал эрхэлсэн хороонд өгсөн мэдүүлгүүдтэй холбоогүй” хэмээн Цагаан ордны хэвлэл мэдээллийн албаны дарга Сара Сандерс мэдэгдсэн байна. Х.Хиксийг Д.Трампын Оростой холбоотой байж болзошгүй гэх хэргийн гол гэрч гэж үздэг байна. 

Д.Трамп түүнийг маш ухаалаг хэмээн үнэлжээ. Х.Хиксийн албан тушаалаасаа огцорч байгаатай холболдуулан тэрбээр мэдэгдэхдээ “Би түүнтэй цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаа хэдий ч Х.Хиксийн шинэ боломжуудыг эрэх бодолтой байгааг нь ойлгосон. Бид дахин хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
 Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ