Энэ сард хур тунадас бага, салхи шуурга ихтэй байх төлөвтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-03-01 18:08:39
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Аймгийн нийт нутгаар гуравдугаар сард салхи шуурга ихтэй байх ба нэгдүгээр арав хоногийн эх болон сүүлчээр Алтайн салбар уулсаар, хоёрдугаар арав хоногийн дунд, сүүлчээр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр 16-18, Баянтоорой тосгон, Алтай, Бугат, Төгрөг, Тонхил сумдын орчмоор салхины хурд түр зуур 24-28 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Тухайлбал маргааш буюу 3 дугаар сарын 2-ны өдөр ихэнх сумдын нутггаар цас орж, салхи баруунаас 14-16м/сек, түр зуур 20м/сек хүрч цасан болон шороон шуурга шуурах тул малчид, ард иргэдэд онцгойлон анхааруулаад байна.
Мөн аймгийн нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас бага орох төлөвтэй байгаа ажээ. Аймгийн УЦУОШГ-ын синоптик инженер Ч.Алтантуяагийн мэдээлсэнээр энэ сарын нэгдүгээр арав хоног, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногт хүйтний эрч суларч дулаарах ба агаарын дундаж температур нутгийн хойд бүсийн сумдаар 12-17 градус, өвөр говиор 0-5 градус дулаан байх ажээ. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр бага зэрэг хүйтэрч, Алтай сум, Баянтоорой тосгоны орчмоор шөнөдөө 10-15 хүйтэн, өдөртөө хасах нэг градусаас нэмэх дөрвөн градусын дулаан, бусад нутгаар шөнөдөө 23-28, өдөртөө 9-14 градус хүйтэрнэ. Харин хур тунадас аймгийн нийт нутгаар бага байх, нутгийн зүүн хойд сум болох Жаргалан, Тайшир мөн Гуулин тосгоны орчмоор олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага хур тунадас орох төлөвтэй байна. Хур тунадас энэ сарын нэгдүгээр арав хоногийн эхээр зарим газраар, нэгдүгээр арав хоногийн эцэс, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр Хөхморьт, Баян-Уул, Жаргалан сумдын нутгаар, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх сумдыг хамарч нойтон цас орно хэмээлээ.
Сүүлийн жилүүдэд Говь-Алтай аймагт гуравдугаар сард цасан болон шороон шуурганы давтамж нэмэгдэж байгаа гэдэг судалгаа бий. 1960-аад онд цасан болон шороон шуурганы давтамж жилд дунджаар 10 орчим байсан бол өнгөрсөн онд зарим сумдад шороон шуурганы давтамж 50 гаруй болсон байна. Тухайлбал Бугат, Тонхил, Төгрөг, Эрдэнэ, Чандмань, Есөнбулаг сум болон Баянтоорой тосгонд давтамжийн тоо бусад сумдаас их байна.
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ