“Нэг голын хүүхдүүд”, “Бидний цөөхөн Монголчууд” төсөл хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-02-27 00:19:39
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгаас санаачлан хэрэгжүүлж байгаа “Нэг голын хүүхдүүд” төсөл, “Бидний цөөхөн Монголчууд” төсөлтэй хамтран ажиллахаар болжээ.
“Бидний цөөхөн Монголчууд” төсөл нь Монгол эх орныхоо үнэт баялаг, өв соёл, үзэсгэлэнт онгон дагшин байгаль, ан амьтан, ардын урлаг, ахуй амьдрал, ёс заншил, үндэстэн ястануудын онцлог, эдүгээ 21-р зууны монголчуудын аж байдал, ахуй байгаль, үндэстний онцлогийг баримтжуулан авч мөнхлөн үлдээх зорилготой аж. Дорнод аймгийн Засаг даргын зүгээс санаачлан хэрэгжүүлж буй “Нэг голын хүүхдүүд” төсөл дээрх зорилготой агуулгын хувьд нийцэж байгаа учир цаашид хэрхэн хамтрах талаараа санал солилцлоо.
“Нэг голын хүүхдүүд” төслийг өнгөрсөн зунаас эхлүүлж, Хэрлэн, Халхгол, Онон, Улз, Дөч, Галын голуудын экосистемийг хамгаалах зорилгоор олон тал ажил явуулж эхэлсэн. Энэ төсөл улам өргөжин “Нэг голынхон” нэртэйгээр ӨМӨЗО-ы зэргэлдээх аймаг, хошуудтай гол усаа хайрлан хамгаалах чиглэлээр хамтран ажиллах санаачилга уулзалт, хэлэлцээрийн шатанд явж байгаа юм.  
Дээрх төслүүд хамтран ирэх намраас эхлэн Дорнод аймгийн сум, баг бүрт хүрч ажиллаж, үзэсгэлэнт байгаль, гол усаа хайрлан хамгаалах, хүн ардын ахуй амьдралын зураглал, бичвэрүүдийг хадгалан авч олон нийтэд хүргэнэ.
"Бидний цөөхөн Монголчууд" төслийнхөн Дорнод аймагт саяхны өдөр ардын зураас Г.Одонгийн "Ажлын дараа" зургаас сэдэвлэсэн "Шүүдэр дундуур" МУСК-ныхоо нээлтийг  хийсэн юм.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ