Намрын чуулганы хугацаанд АБГБ-ын байнгын хороо 24 асуудал хэлэлцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-02-21 08:37:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд  24 асуудал хэлэлцэж, 10 хууль батлуулжээ.

Чуулганы хугацаанд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын болон Гадаад бодлогын үзэл баримтлалын хүрээнд үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа, гадаад бодлогын хэрэгжилтийг хангах, УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийн талаар болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлаар санал, дүгнэлт гаргах, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд УИХ-ын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх, эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлж ажиллажээ. 

Намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо нийт 15 удаа, Тусгай хяналтын дэд хороо 1 удаа, хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 3 удаа тус тус хуралдлаа.
Тайлангийн хугацаанд Байнгын хороо давхардсан тоогоор 24 асуудал хэлэлцэж, нийт 20 санал, дүгнэлт, 1 танилцуулга бэлтгэж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлсний зэрэгцээ хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий болон бусад чиглэлээр 1 ажлын хэсэг байгуулж ажиллуулжээ.

Намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 3, хууль соёрхон батлах тухай хууль 7, УИХ-ын тогтоол 8-ыг тус тус хэлэлцэн УИХ-аар батлуулсан бөгөөд Япон, ХБНГУ, БНСУ, Дэлхийн банктай Засгийн газар хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрүүдийг батлуулсан байна.

Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яамны үйл ажиллагаатай танилцаж, үйл ажиллагааных нь талаарх мэдээлэл, тайлангуудыг сонсож, холбогдох чиглэл өгч ажилласан бөгөөд Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам, Сангийн яам, Монголбанк зэрэг байгууллагуудаас шаардлагатай мэдээ, мэдээллийг тухай бүрт нь авч хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллажээ.
Н.Туяа
Холбоотой мэдээ