Сант сумаас аймгийн сайн малчин дөрөв төрлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн А/56 дугаар захирамжаар энэ жил “Аймгийн аварга малчин” 70 төрсний дөрөв нь Сант сумын малчид юм. Аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны дарга Л.Хатанбаатар, “Баянтээг” ОНӨХК-ийн захирал О.Сумъяасүрэн тэргүүтэй албаны хүмүүс аваргуудын шагналыг гал голомт, халуун хошуут малынх нь дэргэд гардуулан өглөө.

Тус сумын Цахиурт багийн малчин Н.Батлутынх сумаасаа баруун урагш 20-иод км-т “Мухар” хэмээх нөмөр, нөөлөгтэй газар өвөлжиж байлаа. Төрж өссөн нутагтаа 25 жил мал маллаж, өдгөө 1250 тоо толгойд хүргэхийн зэрэгцээ нийгмийн сайн үйлсэд хүчин зүтгэж, аливаад идэвх санаачилгатай ханддаг хэмээн сумын удирдлагууд нь түүнийг үнэлж байв. Тодруулбал 2015 оноос туслах малчинг дагалдуулж, сарын 250-500 мянган төгрөгөөр цалинжуулан ажиллаж байгаа ба сумын баяр наадмуудад тогтмол хандив тусламж үзүүлсээр ирснийг онцлон дурдлаа. “Улсын хошой аварга малчин Ч.Дашдорж, Улсын аварга малчин Ц.Өлзийбат зэрэг хашир туршлагатай малчдынхаа зааж сургаснаар малыг байнга бэлчээрлүүлэх, бага малыг салхинд өлчиржүүлэх, хүйтэнд гүйлгэхгүй, хорих зэрэг арга барилаар мал маллаж энэ сайхан алдар цолонд хүрлээ” гэж аймгийн аварга малчин талархлаа илэрхийлэв. Мөн “Хол газар отор нүүдэл хийлгүй, дасч сурсан газраа өвөлжсөн нь зарим талаараа онож байна. Энэ жил их хүйтэн, өвс муутай ч мал цагаан туранхай болохоор хорогдол гайгүй. Мал сүргээ онд мэнд оруулж, төлөө бүрэн бүтэн авч шинэ ногоо идүүлчихээд сууж байх л малчин бидний жаргал даа” гэх сэтгэлийн үгээрээ сэтгүүлч бидний сонорыг мялаалаа.

“Аймгийн аварга малчин” болсон Н.Цэрэнчомбынд шагналыг гардуулахаар очиход хэдийн түнэр харанхуй нөмөрсөн байв. Сумынхаа гурван багийн зааг нутагт оторлож яваа тэдний хот айлыг олохын тулд багагүй төөрсөн. Малчид отроор байнга нүүдэллэж, нутаг сэлгэж яваа учраас олоход хэцүү болоод байгааг багийн Засаг дарга нь хэлж байлаа. Цариг багийн малчин Н.Цэрэнчомбо мал аж ахуйн салбарт 1992 оноос хойш тасралтгүй 25 жил зүтгэж яваагийнхаа үр шимийг ийнхүү үнэлүүлж байгаа ба өмнө нь 2013 онд “Сумын сайн малчин” болж байжээ. 2017 оны эцсээр 1251 толгой мал тоолуулсан нь өмнөх оноос 181 малаар өссөн дүнтэй байна. Тэрээр 2009-2010 оны зуднаар Булган аймгийн Дашинчилэн суманд оторлож малаа онд мэнд оруулж чадсан цөөн малчдын нэг бөгөөд “Мал сүргээ өсгөж үржүүлэх, хайрлаж хамгаалахад цагийн хатуу хөтүү биш малчин эзний арчилгаа, маллагаа шууд хамааралтай” гэсэн бодолтой явдаг ажээ.

Гэргий В.Цэрэндулам нь цагаан идээг төрөл бүрийн аргаар боловсруулж, ааруулаараа “Сумын брэнд бүтээгдэхүүн”, айргаараа “Аймгийн Брэнд бүтээгдэхүүн”-ий шагналыг авсан байна. Сар шинийн баярын үеэр тавгийн бүрэн засалттай идээг хот, аймгийн хэмжээнд худалдан борлуулдаг, мөн авсан төлийнхөө 60-аас доошгүй хувьтай тэнцэх малыг зах зээлд борлуулан бэлчээрийн даацад тохирсон малтай байхыг эрхэмлэдэг зэрэг онцлог тал их байв. Энэ гэр бүл 2006, 2013 онд “Сумын сайн малчин”-аар шалгарч байжээ.
Сант сумаас төрсөн аймгийн аварга малчдын тухай өгүүлэхэд ийм ажгуу. Энэ жил аймгийн аварга малчдад аймгаас үнийн дүнгээр 400 гаруй мянган төгрөгийн шагнал олгож байна. Мал маллах нь эхнэр, нөхрийн хамтын зүтгэл хэмээн үзэж, хоёуланд нь Батламж, энгэрийн тэмдэг гардуулан мөнгөн бүслүүртэй агар хувин бэлэглэлээ.
Б.Батчимэг