Дундговь аймаг 1300 гаруй тонн өвс, тэжээл нөөцлөх даалгавартай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-09-08 14:45:50

Засгийн газрын тогтоолоор мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлд зориулан Дундговь аймгийн 15 сум нөөцдөө тус бүр 50 тонн өвс, 25 тонн тэжээл, аймгийн аюулгүй нөөцөд 160 тн өвс, 30 тонн тэжээл бэлдэн нөөцлөх үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар шинээр өвс тэжээл татаагүй, зарим сум урьд онд бэлдсэн өвс тэжээлийн нөөцтэй байгаа бол зарим сум үлдэгдэл нөөцгүй байна.

Сумдад хадгалагдаж байгаа урьд оны өвс тэжээл нийтдээ 530 гаруй тонн байгаа бол аймгийн аюулгүйн нөөцөд 2011 онд бэлдсэн өвсний  үлдэгдэл 70тн, 2013 оны 110 тн өвс байна.

Шинээр хаанаас өвс тэжээл татах талаар Хөгжлийн бодлогын хэлтсийн ХАА- н мэргэжилтнээс тодруулахад, “Одоогоор тодорхойгүй байна. Сүхбаатар, Хэнтий аймгийн зарим сум болон салбарын яаманд албан тоотоор хүсэлт илгээсэн байдалтай байна” гэлээ.

Жил өнжин өнжин хадгалагдаж байгаа өвсийг хэрхэх талаар өнгөрөгч хавар аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар нэг бус удаа ярилцсан бөгөөд лаборторийн шинжилгээгээр өвсний чийгшил багассан ч  мал идэхэд ямар нэг хор уршиг болох хэмжээнд чанар алдагдаагүй гэсэн тул намар 11 дүгээр сар хүртэл нөөцдөө хадгалах нь зүйтэй гэдэг шийдэлд хүрсэн юм.

Энэ намар өвсний үнэ өссөн, шинээр өвс татлаа гэхэд газар дээр нь 6- 7 мянган төгрөгөөр худалдан авч, үүн дээр тээврийн зардлыг тооцоход өвс, тэжээлийн нэлээд өндөр тусахаар байгаа тул урьдын хямд үнээр хадгалагдаж байгаа өвс энэ жил малчдад хэрэг болж магадгүй байгаа ажээ.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд