Сумдад зөөврийн номын сан ажиллуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-02-12 11:29:48

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Бабийн Ахтаны нэрэмжит аймгийн Нийтийн номын сангийн хамт олон аймгийн ЗДТГ, орон нутгийн Музей, "Дэлхийн зөн-Монгол" олон улсын байгууллагатай хамтран хөдөө сумдад зөөврийн номын сан ажиллуулж эхлээд байна.

Энэ талаар тус номын сангийн захирал Ш.Асхараас тодруулахад: "Өнгөрсөн долоо хоногт Алтай, Буянт сумдад ажилласан. Мэргэжилтнүүд маань сумдын номын сангуудад арга зүйн зөвлөгөө өгч, цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдэд шинээр хэвлэгдэн гарсан номуудыг танилцууллаа. Тухайн орон нутгийн түүх, соёлын дурсгалууд, ан амьтдын талаар мэдээлэл өглөө. Мөн танин мэдэхүй, уран зохиол, үлгэрийн ном уншиж өгч, дүрс бичлэгүүд үзүүлсэн. Бидний зорилго бол төвөөс алслагдсан нутагт амьдарч байгаа хүүхдүүдэд ном унших сонирхол төрүүлж, баг наснаасаа эхлэн номтой нөхөрлүүлэхэд оршиж байгаа" хэмээлээ.

Тус байгууллагын хамт олон энэ сард багтаан аймгийн хөдөөгийн 12 сум, нэг тосгоныг бүхэлд нь тойрч ажиллахаар төлөвлөж байгаа ажээ.  
 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ