Хойд бүсийн сумдад хууль сурталчлах үйл ажиллагаа хоёр дахь жилдээ амжилттай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-02-08 01:46:40

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн ИТХ-ын дарга, аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга Ц.Балхярваагийн санаачлагаар хоёр дахь жилдээ аймгийн ИТХ, аймгийн Цагдаагийн газар, аймгийн Прокурорын газар, Баянтэс сумын ИТХ, ЗДТГ-тай хамтран хойд бүсийн сумдын дунд "Хорт зуршлын эсрэг хамтдаа” арга хэмжээ зохион байгууллаа. 
Тус үйл ажиллагаанд Завханы Асгат, Баянтэс, Тэс, Баянхайрхан гэхчлэн найман баг оролцож буухиа, цасны гүнж, Дэвжээ гэсэн төрлүүдээр оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ. Ийнхүү Дэвжээ тэмцээний гэрийн даалгаварт хууль сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд сум орон нутагтаа хийж хэрэгжүүлж байгаа ажил, тулгамдаж буй асуудлаа харуулсан жүжигчилсэн тоглолтоор багууд өрсөлдөж Эрүүгийн хуулийг сурталчилсан Баянтэс сумын баг түрүүлж Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг сурталчилсан Түдэвтэй сум, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг сурталчилсан Асгат сумын багууд удаалжээ. Харин буухиа тэмцээнд мөн Баянтэс сум түрүүлж Дэвжээ тэмцээнд Хилийн 0277-р ангийн баг түрүүлж Асгат сум, аймгийн ИТХ-ын багууд удаалсан байна. Багийн дүнгээр Асгат сум түрүүлж Баянтэс, Түдэвтэй сумын багууд тус тус шалгарчээ.
Энэ жил багуудын хувцас жигдрэлт зохион байгуулалт, хууль сурталчлах арга нь сайжирсан байна. Мөн уулзалт арга хэмжээнд сум, албан байгууллагууд жил бүр идэвхтэй оролцож хууль сурталчлах, мөрдүүлэх үйл ажиллагааг сайн зохион байгуулж буйд нь аймгийн ИТХ-ын ажлын албанаас талархал илэрхийлж ирэх жил иргэдийн хамтарсан багийг оролцуулахаар болсон тухай мэдээлэв.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ