Энэ онд 74.6 мянган ажлын байр бий болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-02-07 13:57:27
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд 2018 онд 74.6 мянган ажиллах хүчний эрэлт буюу шинэ ажлын байр бий болох төлөвтэй байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт (ХНХСИ)-ээс өнөөдөр мэдээллээ.

Тус байгууллага хүн амын хөгжил, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын талаар төрөөс баримтлах бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 2507 аж ахуйн нэгжийг хамруулсан  “Хөдөлмөрийн зах зээлийн 2018 оны төлөв” судалгаа хийснээ өнөөдөр олон нийтэд танилцуулсан юм. Монгол Улсын эдийн засаг сэргэж, бүтээн байгуулалтын ажлууд эрчимжиж байгаагаас үүдэн шинэ ажлын байрны дийлэнх нь буюу 18.6 мянга нь барилгын салбарт бий болно хэмээн үзэж байгаа аж. Мөн бүтээн байгуулалтын ажил энэ оны 4 дүгээр сард эхэлнэ гэж тооцвол шинээр бий болох ажлын байрны 76.4 хувьд 6 дугаар сараас өмнө ажилтан шалгаруулж авах төлөв ажиглагдаж байгаа юм. Харин Бөөний болон жижиглэн худалдааны салбарт мөн 15.2 мянган ажлын байр бий болох төлөвтэй байгааг ХНХСИ-ийн захирал М.Алтансүх танилцууллаа.

Тэрбээр,“Бид 2018 онд ажиллах хүчний эрэлт ихтэй байх 20 салбарын жагсаалтыг гаргасан. Жагсаалтыг барилгын салбар тэргүүлж байгаа бол худалдааны салбар удаах байранд орж байна. Мөн боловсруулах үйлдвэр, ойн аж ахуй, загас агнуур, зочид буудал болон тээврийн салбарт ажиллах хүчний эрэлт өндөр байх төлөвтэй. Өнгөрсөн онд аж ахуйн нэгжүүд 10 мянга гаруй ажлын байранд ажилтан авч чадаагүй гэсэн тооцоолол гарсан. Энэ нь тухайн ажлын байранд ажиллах иргэд туршлагагүй, мэргэжил, ур чадварын түвшин хангалтгүй эсхүл тухайн хүн нь цалин хөлсөө голдог зэрэг шалтгаантай байна. Тиймээс төрийн байгууллагууд болон их, дээд сургуулиудыг ажиллах хүчнийг чадавхжуулах чиглэлд түлхүү анхаарах зөвлөмж хүргүүлж байгаа” хэмээв.

Монгол Улсад 1.3 сая орчим иргэн хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд дундаж цалин 900 мянга гаруй төгрөг байгаа юм. Харин уул уурхай олборлолтын салбарын цалин хамгийн өндөр буюу дундаж цалингаас даруй 698.1 мянган төгрөгөөр илүү байгаа аж. Харин нийт ажиллах хүчний 5.8 хувь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж, үүний дийлэнх нь 20 болон түүнээс цөөн ажилтантай хувийн хэвшлийн байгууллагад байгааг судалгаанд дурьджээ. Түүнчлэн 2017 онд нийт ажиллах хүчний 10 хувь нь илүү цагаар болон бүх нийтийн баяр, амралтын өдрүүдэд ажилласан байна. Гэвч үүнээс хоёр хүн тутмын нэг нь л Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу цалингаа 1.5-2 дахин өсгөж авчээ. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад төр, хувийн хэвшил болон иргэд нягт хамтран ажиллахыг судалгааны зөвлөмжид тусгасан байна.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, “Монгол Улсын эдийн засаг хямралд өртсөнөөс үүдэн сүүлийн дөрвөн жилд аж ахуйн нэгж цалин нэмэх боломжгүй байсан. Бүр тухайн компаниуд оршин тогтнож чадах эсэх нь хүртэл тодорхойгүй болоод байсан ч бид давж чадлаа. Одооноос хүний нөөцөө бэхжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд бид байшин барилга барих, унаа тэрэг авах, үйлдвэрийн тоног төхөөрөмжөө сайжруулах зэрэгт олсон хөрөнгөө зарцуулж ирсэн. Одоо тухайн компанийн хөдөлгөгч хүч болсон хүн буюу ажилтандаа хөрөнгө оруулах цаг болсон. Манай компаниуд нийт ашгийнхаа 11-20 хувийг л ажилтандаа хөрөнгө оруулахад зарцуулдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд амжилттай ажиллаж байгаа зарим компаниудын туршлагаас харахад нийт ашгийнхаа 60-70 хувийг ажилтнуудаа хөгжүүлэх чиглэлд зарцуулсан байдаг. Ер нь бол манай улс “ашгийн төлөө хэсэг этгээдийг компани гэнэ” гэсэн тодорхойлолтыг өөрчлөх хэрэгтэй. Европт бол “Цалин хөлсний төлөө яваа ажлын хамт олныг компани” гэнэ гэж тодорхойлж байгаа. Бид ч энэ чиглэлд хөгжих цаг болсон" гэлээ.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Холбоотой мэдээ