Үерийн далан барихад шаардагдах хөрөнгийг шийдэж өгөхийг хүсэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-02-02 17:31:54
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинөөр ахлуулсан Улсын Онцгой комиссын шуурхай бүрэлдэхүүн өнөөдөр Орхон аймагт ажиллалаа. Онцгой комиссын шуурхай бүрэлдэхүүнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү зэрэг албаны хүмүүс багтжээ. Тэд өнгөрсөн сарын 25-аас хойш өвөлжилт хүндэрсэн буюу Өвөрхангай, Баянхонгор, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс, Завхан,  Булган, Орхон зэрэг аймгуудад ажиллаж буй нь энэ юм. 
Тэднийг Орхон аймагт ажиллах үеэр аймгийн Oнцгой комисс хуралдаж хотын үерийн нэгдсэн далан, өвөлжилтийн нөхцөл байдлын талаар танилцуулсан юм.  Тодруулбал, сүүлийн таван жилд Орхон аймагт  9 удаагийн үер усны гамшиг тохиолдож үүний улмаас 7 хүний амь нас эрсдэж, иргэн, ААНБ-уудад олон сая төгрөгийн хохирол учирсан тухай мэдээллээ. 2015 онд Орон нутгийн төсвийн 22.3 тэрбум төгрөгийн хөрөнгөөр “Хотын үерийн хамгаалалтын далан суваг”-ийн ажлын зургийг боловсруулсан ч хөрөнгийн эх үүсвэр шийдэгдээгүй шалтгаанаар өнөөдрийг хүртэл барьж чадаагүй байгаа юм. Эрдэнэт хотын хэмжээнд нийтдээ 44.6 км үерийн хамгаалалтын далан хийхэд 22.3 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай. Иймд уг хөрөнгийг улсын төсвөөс жил бүр шат дараатайгаар хөрөнгө оруулалт хийж асуудлыг шийдвэрлэх хүсэлтийг тавьсан. Шадар сайд Ө.Энхтүвшин хэлэхдээ “2018 оны төсөв батлагдсан. Далан барих зардлыг тодотгол хийх үеэр эсвэл 2019 оны улсын төсөвт суулгахад анхаарна” гэсэн юм. 
Түүнээс гадна хотын эрчим хүчний хангамжийг сайжруулахад ЦРП-2 дэд станц барихад шаардлагатай 2 тэрбум гаруй төгрөгийг шийдвэрлэж өгөх хүсэлтийг Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал танилцууллаа. Уулзалтын дараа, “Онцгой комиссын шуурхай бүрэлдэхүүн”-ээс Орхон аймагт 200 тонн өвс, 50 тонн тэжээл олголоо.
 
Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ