Барьцаалан зээлүүлэх үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгжүүдэд шалгалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-02-02 12:54:57
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цагдаагийн газраас Стандарт, хэмжил зүйн хэлтэстэй хамтран “Сэрэмжилье-Нэгдье” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 1 дүгээр сарын 26-29-ний өдрүүдэд аймгийн хэмжээнд барьцаалан зээлүүлэх үйл ажиллагаа эрхэлж буй 18 аж ахуйн нэгж, ломбардуудын Барьцаалан зээлүүлэх үйлчилгээний стандарт MNS5274-2017-гийн хэрэгжилтийг шалгаж, дүнг танилцуулсан байна.

Шалгалтаар барьцаалан зээлүүлэх үйлчилгээний стандарт MNS5274-2017-гийн хэрэгжилт хангалтгүй, тохирлын гэрчилгээ, цагийн хуваарийн хугацаа дууссан зэрэг нийтлэг зөрчил илэрчээ.

Дүнгийн хурлаар стандартын хэрэгжилтийн шалгалтын дүнг хэлэлцэн, барьцаалан зээлүүлэх үйлчилгээний стандарт MNS5274-2017-гийн хэрэгжилтийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор 24 дугаартай мэдэгдлийг аж ахуй нэгж, байгууллагын захирал нарт хүргүүлж, хулгайлах болон бусад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт, мэдээллийг хийж, шаардлагатай хуулийн зөвлөгөө өгчээ.

Барьцаалан зээлүүлэх аж ахуй нэгж, ломбардууд “Сэрэмжилье Нэгдье” аянд нэгдэж хуулийн хэрэгжилтийг хангаж, хамтран ажиллахаа мэдэгдсэн байна.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ