УИХ-ын чуулганы танхимд АН-ын гишүүд эсэргүүцлээ илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-02-01 12:38:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Ардчилсан намын гишүүд УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд эрх баригчдыг шүүмжилсэн утга бүхий бичигт хуудсыг өөр өөрсдийн ширээн дээр байрлуулж эсэргүүцлээ илэрхийлэв.

Тодруулбал тэдгээр гишүүд, "Нийгмийн дундаж давхаргад аюул нүүрлэлээ. Нэмэгдсэн татваруудыг бүгдийг нь цуцал. Халамж хавтгайрлаа. Дарга нарын тансаглалыг татвар төлөгчдийн мөнгөөр төлдгөө боль" гэсэн бичигт хуудсыг байрлуулсан байв. Тэд чуулганы хуралдааны эхэнд бичигт хуудастайгаа адил байр суурь илэрхийлж үгээ хэлсэн бөгөөд орон даяар бүх нийтийг хамарсан жагсаал зохион байгуулж байгаагаа мэдэгдсэн.

Тус намын гишүүд дэмжигчид одоо жанжин Д.Сүхбаатарын талбайд жагсаж байгаа бол Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар жагсаал цуглаантай холбоотой асуудлаар УИХ-ын дарга М.Энхболдтой албан өрөөнд уулзалт хийхээр очиж байгаа аж.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ