Их Британи Таиланд дахь ЭСЯ-ныхаа байрыг худалджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-02-01 09:02:53
БАНГКОК. /Би-Би-Си/. Их Британийн ГХЯ Таиландын нийслэл Бангкок хот дахь ЭСЯ-ныхаа байрыг 420 сая фунт стерлинг буюу 596 сая ам.доллароор худалджээ.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, энэ нь тус улсын түүхэнд төрийн өмчийн байгууламжийг хамгийн өндөр үнээр худалдсан тохиолдол болж байна. 596 сая ам.долларыг дэлхийн бусад орон дахь ЭСЯ-дын байрыг засварлахад зарцуулахаар төлөвлөжээ. Харин Таиландын нийслэл дэх Их Британийн дипломатчид нь саяхан баригдсан орчин үеийн цамхаг руу нүүж орох  аж. Тус газрыг 15 жилийн хугацаагаар түрээслэхээр болсон байна.

Сая худалдсан ЭСЯ-ны байр нь 1922 онд баригдсан бөгөөд дийлэнх хэсэг нь засварт орохоор болоод байсан гэнэ.

Их Британийн Гадаад харилцааны сайд Борис Жонсон мэдэгдэхдээ “Их Британи бол дэлхийн тавцанд тэргүүлэгч орнуудын нэг юм. Тиймээс бид дипломатчдынхаа аюулгүй байдал болоод ая тухтай орчинд ажиллах боломжийг бүрэн хангаж өгөх ёстой” гэжээ.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ