Ц.Мөнх-Оргил: Алслагдсан дүүргүүдийг хотын статустай болгох хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-01-31 17:41:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын түвшинд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулж тус хуулинд зайлшгүй тусгуулах хэд хэдэн санал байгаагаа илэрхийлж УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Нэгдүгээрт Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн Засаг дарга гэсэн хоёр албан тушаалыг тус тусад нь салгах нь зүйтэй. Ингэхдээ  Улаанбаатар хотын захирагчийг нийслэлийн иргэдийн шууд санал хураалтаар сонгодог байх, гэхдээ сонгууль нь улс төрийн намуудын оролцоогүйгээр болдог байх хэрэгтэй. Тодруулбал, нийслэлийн Засаг дарга нь засаг захиргааны ажлаа хариуцах бол Улаанбаатар хотын захирагч нь аж ахуй үйлчилгээний ажлаа дагнадаг байх нь оновчтой. Хоёрдугаарт алслагдсан дүүргүүдийг бие даасан хотын статустай болгох эрхийг хуулиараа нээх нь зүйтэй. Ингэж хуульчилсанаар нийслэлийн түгжрэл, утаа буурч, төвлөрлийг сааруулахын зэрэгцээ нийгмийн чанартай бусад олон асуудлыг үүгээр шийдэх бүрэн бололцоо үүснэ.

Гуравдугаарт Улаанбаатар хотод манай улсын хүн амын тэн хагас нь амьдардаг, гэвч нутаг дэвсгэрийн ердөө 0.3 хувь нь хотын эдэлбэр газар байдаг. Тиймээс хотын эдэлбэр газрын хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд үзэж, дээрх саналыг боловсруулсан байна. Тэдгээр гишүүд нийслэлийн ИТХ-ын зарим нэг төлөөлөгчидтэй энэ талаар санал солилцсон бөгөөд энэ мэт нийт 10 гаруй саналыг оруулж тусгуулахаар ажиллаж байгаа гэж УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ярьлаа.
Б.Туул


 
Холбоотой мэдээ