Америкчуудын олонхи нь Д.Трампын илтгэлийг эерэгээр үнэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-31 16:23:44
МОСКВА. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Конгресст тавьсан илтгэлийг үзсэн хүмүүсийн 70 хувь нь эерэг сэтгэгдэлтэй байгааг “Си-Эн-Эн” телевизийн явуулсан социологийн санал асуулгын дүн харуулжээ. Санал асуулгад оролцогчдын 29 хувь нь Д.Трампын хэлсэн үгийг сөргөөр үнэлсэн байна.

Д.Трамп төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш “Улс орны нөхцөл байдлын тухай” илтгэлийг Конгресст анх удаа тавьсан юм. Илтгэл тавих үеэрээ тэрбээр дотоод улс төрийн асуудлууд болон олон улсын чанартай асуудлуудыг хөндсөн байна. Тухайлбал, тэрбээр Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой хэлэлцээрийг шүүмжилсэн бөгөөд “Лалын улс” бүлэглэлтэй үргэлжлүүлэн тэмцэх, Умард Солонгост шахалт үзүүлэх амлалт өгсөн ажээ. Түүнээс гадна тэрбээр Орос болон Хятадыг өрсөлдөгчид гэж үзэж, АНУ-ын ашиг сонирхол, эдийн засаг, үнэ цэнэтэй зүйлст нь харшилддаг террорист бүлэглэлүүд болон “муу муухайн үүр уурхай болсон орнуудтай" нэг эгнээнд энэ хоёр улсыг зэрэгцүүлэн тавьсан байна. 
 
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ