Зөрчлийн тухай хуулиар хүмүүс эдийн засгийн хүндрэлтэй байдалд орох нь их ажиглагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-01-30 11:52:13
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ЗДТГ-аас өсвөр үе, хүүхдүүд, мөн иргэд олон нийт рүүгээ чиглэсэн ажлуудыг маш эрчимтэй явуулж буйгаараа аймгийнхаа бусад сумдаас ялгарч байгаа. Иймээс энэ чиглэлийн ажлууд хэрхэн зохион байгуулагдаж байгаа талаар тус сумын ЗДТГ-ын дарга Ү.Янжиндуламаас тодрууллаа.
-Сайн байна уу? Сайхан өвөлжиж байна уу? Танай сумын зүгээс нийгмийн чиглэлд явуулж буй ажил үйлс тань нэлээд үр дүнтэй байгаа гэж сонслоо. Эдгээр ажлуудаасаа тодруулахгүй юу?
-Тиймээ. Бидний зохион байгуулан ажиллаж байгаа ажил арга хэмжээнүүд нэлээд үр дүнтэй болж байгаа. Бид сумынхаа ИТХ-ын төлөөлөгчдөөрөө “Хүн болох багаасаа” дэд хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж байна. Цэцэрлэг болон бага ангийн хүүхдүүдэд монгол уламжлалт тоглоом наадам, уламжлалт ёс заншлаа өвлүүлэх, зааж сургах зорилгоор энэ хөтөлбөрийг батлуулсан. Даяаршиж байгаа 21-р зуунд монголын өв соёлоо авч үлдэх, уламжлуулах, хүүхдүүдэд зааж сургах ажил зайлшгүй урган гарч ирж байна. Манай сум чинь ОХУ-тай хил залгаа оршдог. Европжсон гэдгээрээ онцлогтой. Говийн сумдаас хүмүүс ирээд бүжиг зохион явуулахад манайхан диско бүжгэнд нь бүжиглээд нөгөө ирсэн зочид монгол ч юм уу, вальс бүжиг бүжиглээд байх жишээтэй. Энэ байдлаас ч харсан ер нь хүүхдүүдэд бодлогын чанартай уламжлалт заншлаа өвлүүлэхээр ажиллаж байгаа.
-Нийгмийн асуудлын нэг чухал сэдэв ахмад настан байдаг. Эдгээр иргэддээ хандсан ямар арга хэмжээ явуулж байна. Мөн сумын хэмжээнд тулгамдсан ямар асуудал байна. Үүнийгээ хэрхэн шийдвэрлэж байна даа?
Мөн 2018 он дөнгөж гараад харъяалалгүй байсан ахмадуудаа харъяалалтай болгох ажлыг эхлүүлээд явж байна. Сумынхаа хэмжээнд байгаа бүх аж ахуйн нэгж, ойн сангийн нөхөрлөлүүддээ хувиарлаж өгөөд эзэнтэй болголоо. Энэ бас л манай сумын онцлог. Аймаг аймгийн, сум сумын хүмүүс олон газраас ирсэн байдаг. Иймээс өөр аймгаас ирсэн гээд халамжаас гадуур орхиж болохгүй. Тэгээд нийгмийн халамжийн мэргэжилтэнтэйгээ нийлээд энэ ажлыг хийгээд цэгцэрч байна. Түүнчлэн энэ оны жилийн ажлын төлөвлөгөөнд орсон хамгийн гол ажил бол Алтанбулаг сумаа архигүй байлгая гэж ярилцаад хүмүүсээ, ард иргэдээ уриалан хөдөлгөөн өрнүүлж байгаа. Энэ хүрээнд “Сэтгэлийн хөгжил” ТББ-ын багш А.Батсайхан гэдэг хүнийг уриад өнгөрсөн амралтын хоёр өдөр “Монгол хүний үнэ цэнэ” сэдвээр сургалт явуулсан. Үүндээ хамгийн түрүүнд хүнс тэжээлийн дэмжлэг авч байгаа зорилтот бүлгийн 56 өрхийн гэр бүлийг оролцуулсан. Энэ 56 гэр бүлийн цаана 5 хүн байна гэж бодоход хэдэн хүнд хүрэх нь ойлгомжтой. Ер нь дадал зуршил энэ байгаа байдлаасаа өөрөө өөрсдийгөө аварцгаая. Сайн сайхан амьдралынхаа төлөө хүн өөрөө тэмцэж, өөртөө хөрөнгө оруулалт хийх ёстой юм байна гэдгийг ойлгуулах нь зүйтэй юм гэж шийдээд энэ ажлыг зохион явуулсан. Мөн гэр бүлдээ очоод шахалтын бүлэг болон ажиллах шаардлага тавих гол хүмүүс хүүхдүүд байдаг. Энэ үйл ажиллагаанд 8-р ангиас дээших бүх хүүхдүүдээ хамруулсан. Хүүхдүүдээр дамжуулж “Архи гэдэг ундааг ууснаар тархи мэдрэлийн системээ гэмтээж, эрүүл саруулаар сэтгэж, сайхан амьдрах боломжоо алдаж байна шүү. Иймээс та архи битгий уугаач ээ. Амгалан тайван баймаар байна. Цаашдаа сайн сайхан хүн болоход минь энэ байдал сөргөөр нөлөөлж байна”  гэдгийг эцэг эхчүүддээ гэртээ хариад хэлээрэй гэж хүссэн.
Ингээд баяр болгоныг гэр бүлдээ, байгууллага дээрээ архигүй тэмдэглэе гэсэн байдлаар энэ сургалтыг зохион байгууллаа. Энэ сургалт нэг удаа болоод зогсохгүй. Гурван удаа шаталсан байдлаар явагдаад жилийн эцэст архи бүр болохгүй юмаа гэхэд дадал зуршил өөрчлөгдсөн, хандлага өөрчдөгдсөн байх болно. Найз нөхдөө ирэхэд архи задлах ёстой юм байна гэх биш. Манай брэндээ гээд орос чихрээ бэлэглээд явуулдаг хандлага бий болсон байгаасай гэж хүсэж байна. Хамгийн гол нь сумын маань онцлог энд нөлөөлж байгаа.
-Тэгэхээр сумын онцлогоо тодруулаач?
-Хойд хөрш ОХУ-ын маш их архины урсгал байна. Хүмүүс хүссэн үедээ хойшоо гараад архи худалдан авч байна. Мөн том том архины татваргүй дэлгүүртэй чөлөөт бүсийн асуудал байна. Дээр нь энэ алтан сайхан нутаг маань байгалийн сайхан цогцолборт нутаг учраас 34 ширхэг уулын аманд амралт, сувиллын байгууллага байна. Эдгээр газруудад эх орны өнцөг булан бүрээс хүмүүс ирж амарч, сувиллуулж байна. Иймээс найз нөхдөө угтан авах, үдэж мордуулах гээд дайлж, цайлж байна. Ийм байдлаас иргэн өөрөө өөрийгөө, өрх гэр бүлээ авч үлдэх юм байна гэсэн ойлголтыг өгч, анхааруулж, бүх байгууллагуудтайгаа хамтарч ажиллахаар болсон.
-Архины хамааралтай иргэд хэр олон байна. Үүний цаана гэр бүлийн хүчирхийлэл гэх зүйл яригддаг. Энэ байдал танай суманд байна уу. Сөрөг үр дагавар гарч байх юм уу?
-Архины хамааралтай хүмүүс гарын арван хуруунд багтдаг. Өвөл хүйтрээд ирэхээр хамаатан садан, найз нөхдөд нь өгөөд аж ахуйн нэгжид хариуцуулаад чимээгүй болдог. Харин дулаарахаар нэлээд гарч ирдэг. Үүнтэй холбоотойгоор гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйл нэлээд гарч байна. Сүүлийн үед зөрчлийн тухай хуулиар хүмүүс эдийн засгийн хүндрэлтэй байдалд орох байдал маш ихээр ажиглагдаж байна. Ерөөсөө зөрчлийн хууль үйлчлээд торгуулж эхэлснээс хойш хүмүүс шүүх хурал болж эрүүлжүүлэгдэж байгаа. Тэгээд шүүх хурал болоод эрүүлжүүлэгдээд явчихлаар нөгөө сайхан залуучууд ажил олоод орох гэхээр та ийм зөрчилтэй учраас ажилд авахгүй гэдэг. Ийм байдлаар эргээд иргэдэд сөрөг үр дагавар бий болж байна. Гэр бүлийн тал дээр үнэхээр зайлшгүй шаардлагатай хийгдэх ажлуудаа хамтын бүлэг, хамтарсан багаар хүргэдэг. Дээрээс нь халамжийн амьжиргаа дэмжих зөвлөл гэж ажиллаж байгаа. Энэ хүмүүс маань багийн дарга нартайгаа хамтарч судалгаа гаргаад үнэхээр эрсдэлд байгаа хүүхдүүдээ эргэж очих, эрсдэлд байгаа бүлгүүдийнхээ аль аль хүмүүсийг нийтийг хамарсан ажилд оролцуулж түр ажлын байраар хангах вэ зэрэг ажлуудаа хийж байгаа.
Ер нь манайх зочин гийчин ихтэй, хөдөлгөөн ихтэй сум учраас энд тэндээс янз бүрийн хүмүүс ирэх нь их байдаг. Жишээ нь сая хөвсгөлд байдаг ахмадын асрамжийн газраас хүн ирж байх жишээтэй. Энэ маань ямарч ах дүү хамаатан садан байхгүй. Манай зорилтот бүлгийн айл дээр нэмэгдээд ирэх жишээтэй. Энэ маань бас л бидэнд ачаалал болдог.
-Тамгын даргын албыг хашихаасаа өмнө олон жил нийгмийн салбарт ажилласан хүний нүдээр энэ салбар хэрхэн өөрчлөгдөж байна?
-Тэгэлгүй яахав. 2000 оноос хойш би нийгмийн салбарт ажилласан. 2005 оны үед хүмүүс их хэцүү байна. Ийм юм өгөөч гэж гуйж орж ирдэг байсан. Гэтэл 2007 оноос гуйхаа больсон. Энэ бол нийгмийн маш том өөрчлөлт. Та гуйгаад хэрэггүй. Таны гар дээр юм тавьдаг цаг үе өнгөрсөн. Та өөрөө ажиллах хэрэгтэй гэдэг нийгмийн сэтгэл зүйг хүмүүс ойлгосон учраас. 2008 оноос хойш өөрөө юмаа бичээд хийгээд цаашид яахаа асуугаад замаа заалгаад явдаг болсон. Манай сумынхан их хөдөлмөрч. Газар тариалан эрхлэнэ. Дээрээс нь ажил хөдөлмөр байхгүй бол хойшоо бараа гаргаад амьдралаа залгуулж байна. Төрөөс өгч байгаа тусламж дэмжлэг тодорхой хэмжээгээр хүрэх ёстой хүндээ хүрч байна. Бид төрийн болоод төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг уялдуудан нэгтгэн зангидаж чадлаа. Төрийн ажил чадварлаг багаар ажиллаж, хүмүүсийнхээ ажил үйлчилгээг иргэдэд хүргэж чадаж байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ