Түшиг сумын сургууль суралцах орчноо сайжруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-01-30 11:50:06
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд сурагчдынхаа эрүүл аюулгүй, тав тухтай, дулаан орчинд сурч, боловсрох орчин нөхцөлийг сайжуулан ажиллаж байна. 
Тодруулбал сургуулийнхаа биеийн тамирын заалны халаалтыг сайжруулж, зургаан настан хүүхдүүдийн эцэг эхчүүдтэй хамтран сургуулийн дотуур байрны амрах өрөөг тохижуулан ажиллажээ. Энэхүү ажилд эцэг эхчүүдийн зүгээс 700 гаруй мянган төгрөгийн хандив тусламж үзүүлсэн байна. Мөн тус сургуулийн монгол хэлний багш Л.Атарцэцэгийн санаачилгаар сургуульдаа Үндэсний бичгийн танхимыг байгуулжээ. Тус сургууль дээр байгуулагдсан Үндэсний бичгийн танхим нь хөтөлбөрийн дагуу явагдаж байгаа хичээлээс гадуур нэмэлт сургалтуудыг хүүхдүүдэд өгөх зорилготой ажээ. Тус танхимаар дамжуулан хичээнгүй бичигтэн, бийрэн бичигтэн ангиудыг төрүүлэх зорилго тавьсан байна. Одоогоор тус танхимд 110 хүүхэд суралцах боломжтой ажээ. 
Эдгээр ажлууд нь сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар бүгд хийгдэж байгаа бөгөөд одоогоор хоёр сая гаруй төгрөгийн хөрөнгө зарцуулагдаад байгаа аж. Цаашид хүүхдүүдийн ширээ сандалыг шинэчлэх ажлыг сумын орон нутгийн сангийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэхээр болсон гэнэ. 
Түшиг сумын ЕБС-д нийтдээ 300 гаруй хүүхэд сурч байгаа юм байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ