Багш нарын цалинг ачааллаас хамаарч ялгаатай тогтоох санал гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-01-29 18:20:12
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор, БСШУСЯ-аас санаачлан зохион байгуулж буй “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” сэдэвт улсын хоёрдугаар зөвлөлгөөн өнөөдөр Арвайхээр хотноо болж байна.
Зөвлөгөөнд Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь аймгийн Ерөнхий боловсролын багш, удирдах ажилтнууд болон БСШУСЯ, МУБИС, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, Нийслэлийн боловсролын газрын төлөөлөл оролцож байгаа юм.
Аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн зөвлөлгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Аймаг, нийслэлийн Засаг дарга нь ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдлагыг томилдог. Энэ байдлыг халж, боловсон хүчний асуудлыг тухайн шатны засаг захиргааны удирдлагад хамааруулах нь зүйтэй” гэх саналыг хэлсэн бол Монгол Улсын гавъяат багш Б.Мөнхжаргал мөн адил “Сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтан, багш нарын томилгоог мэргэжлийн байгууллага буюу аймгийн БСУГ-аас хийдэг эрх мэдэлтэй байх” талаар хүсэлт тавилаа. Мөн захирал, эрхлэгч нар санхүүгийн эрх мэдэлгүй байгаа нь задгай сэтгэж, чөлөөтэй ажиллах боломжийг хааж байна гэв. Зөвлөлгөөний хүрээнд “Ерөнхий боловсролын эрх зүйн шинэчлэл”, “Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл”, “Сургалтын чанар, үнэлгээний шинэчлэл”, “Хүүхдийн хөгжил, хамгаалал, хүмүүжил, төлөвшлийн бодлогын чиглэл” гэсэн дөрвөн салбар хуралдааныг зохион байгуулж, санал хүсэлтүүдийг хэлэлцлээ.
"Үдийн цай"-г үдийн "Үдийн хоол" болгосон ч үр дүнтэй хэрэгжихгүй байгаа, багийн бага сургуулиуд 20 хүрэхгүй хүүхэдтэй, анги дүүргэлт 4-5 хүүхдийн хэмжээнд байдаг ч багш нар нь төвийн ачаалал ихтэй сургуулийн багш нараас дутахгүй өндөр цалин авдаг учраас ялгаа, зааг тогтоож өгөх, Эцэг, эхчүүдийн хараа хяналтыг сайжруулах, хичээлийн үнэлгээний асуудлыг боловсронгүй болгох зэрэг олон зүйлийг хэлж байв.
Зөвлөлгөөнөөр ерөнхий боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг ЕБС-ийн нийт багш, удирдах ажилтнуудын оролцоотойгоор тодорхойлох бөгөөд салбарын бодлогод тусгаж, хэрэгжүүлэх зорилготой байна.  
Б.Батчимэг
 
Холбоотой мэдээ