Монгол, Хятадын Хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн анхдугаар хурал Бээжин хотноо болов

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-01-26 20:38:37
Бээжин /МОНЦАМЭ/. Монгол, Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн Анхдугаар хурал 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Бээжин хотноо болов.
Зөвлөлийн анхдугаар хурлыг Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Кун Шюаньёу нар даргалж,  Монголын талаас Гадаад харилцааны яам, БСШУСЯ, БОАЖЯ, ХНХЯ, НЗДТГ,  Биеийн тамир, спортын газар, Монголын Залуучуудын холбоо, Үндэсний Мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, МҮОНРТ,  БНХАУ-ын талаас Гадаад хэргийн яам, Боловсролын яам, Соёлын яам, Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн хороо, Хэвлэл мэдээлэл, радио, кино, телевизийн Ерөнхий газар, Биеийн тамирын Ерөнхий газар, Аялал жуулчлалын газар, Төрийн зөвлөлийн харьяа Хэвлэл мэдээллийн алба, Хятадын Ардын гадаад орнуудтай найрамдлаар харилцах нийгэмлэг, Бүх Хятадын Залуучуудын нэгдсэн холбоо, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар зэрэг байгууллагын нийт 40 гаруй төлөөлөгч оролцов.  Хуралд оролцогчид тухайн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг танилцуулж, цаашид хэрхэн,  ямар  чиглэлд хөгжүүлэх боломжтой байгаа талаарх саналаа дэвшүүлсэн юм.
Талууд боловсрол, соёл, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл, кино, телевиз, биеийн тамир, спорт, аялал жуулчлал, найрсаг солилцоо, хүүхэд залуучууд, орон нутгийн солилцоо зэрэг хүмүүнлэгийн 9 салбарын хамтын ажиллагааны асуудлаар өргөн хүрээнд санал солилцож, нийт 44 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр тохиролцов.
Монгол, Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн хурал нь 2017 оны 5 дугаар сард байгуулсан “Монгол, Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөл байгуулах тухай, Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын  Засгийн газар, хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн дагуу хэрэгжиж буй арга хэмжээ бөгөөд Зөвлөлийн хоёр дахь удаагийн хурал 2019 онд Улаанбаатар хотод болох юм.
Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Кун Шюаньёу-тай хоёр талын уулзалт хийлээ. Тус уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов.
Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлж, өндөр, дээд түвшинд хүрсэн тохиролцоог бодит ажил хэрэг болгохын чухлыг тэмдэглээд, Монгол, Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн анхдугаар хурлыг зохион байгуулж байгааг өндрөөр үнэлэв.
 
 
А.Анхбаяр
Холбоотой мэдээ