Мөнххайрхан сумын малчид гадны сумын малчдыг буцаах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-01-26 15:09:42
Ховд /МОНЦАМЭ/Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг Даргын Тамгын Газар, аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо хамтран Мөнххайрхан сумын “Малчдын зөвлөлгөөн” зохион байгууллаа.
Мөнххайрхан суманд өөрийн сумын 140,188 толгой мал, Манхан, Чандмань болон Баян-Өлгий аймгийн Булган сумын нийт 40,0  гаруй толгой мал отроор өвөлжиж байна. Сүүлийн жилүүдэд уур амьсгал, цаг агаарын байдал харьцангуй эрчимтэй өөрчлөгдөж, байгалийн тааламжгүй үзэгдэл ойрхон давтамжтайгаар тохиолдож, бэлчээрийн ургамлын гарц багасаж, даац хэтэрсэн, зах зээлд малыг гүйлгээнд оруулж борлуулах явдал хомс, малын гаралтай түүхий эдийн үнэ хямд зэрэг бэрхшээлтэй асуудлууд байгаа талаар маличд ярьж байлаа. Түүнчлэн гадны сумын мал, малчин өрхүүдийг нутаг буцаах хүсэлтэй байгааг аймгийн Засаг даргад уламжлав. Гадны сумдын мал их хэмжээгээр нутаглаж байгаа нь бэлчээр талхалж, малчдын өвөлжөө, хаваржаанд сөрөг нөлөө үзүүлж байгаа ажээ.
Мөнххайрхан суманд нийт 1443 толгой мал хорогдож, 1028 мал хээл хаясан мэдээтэй байна. Борт багийн малчин Ц.Гансүх: Мал эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулж, малын вакциныг өвлөөс өмнө хийж байхыг хүслээ. Учир нь тус суманд мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх малын вакцинжуулалтын ажлыг өвлийн сард хийснээс шалтгаалж малын зүй бус хорогдол нэлээд их гарсан тухай малчид ярьж, түүний  саналыг дэмжиж байлаа.    
Зөвлөлгөөний үеэр аймаг, сум орон нутгийн цаг үеийн ажлын талаар, өвөлжилтийн төлөв байдлын талаар аймаг, сумын Засаг дарга нар  мэдээлэл хийж, мал аж ахуйн үйлдвэрлэлд ажиллагсад болон малчдын талаар авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, арга хэмжээний тухай малчидтай санал солилцлоо. Түүнчлэн Мөнххайрхан сумын Эрүүл мэндийн төв, Ус, цаг уурын өртөөний үйл ажиллагаа болон “Малчдад тусалъя” сайн санааны аян, малчдын нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмж, хөдөлмөр халамж үйлчилгээ чиглэлээр холбогдох мэргэжилтнүүд  малчдад  мэдээлэл өгсөн  юм. 
Энэ үеэр мал аж ахуйн салбарт  үр бүтээлтэй ажиллаж,  эрдэнэт мал сүргээ таван төрлөөр нь өсгөж буй малчин иргэдийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж Мөнххайрхан сумын нэр бүхий зургаан малчныг шагнаж урамшууллаа. Үүнд Алаг багийн малчин Х.Хартолгой, Сэнхэр багийн малчин Д.Ундрам нарыг “Ховд аймгийн хүндэт тэмдэг”-ээр, Борт багийн малчин Н.Бүүвэйбаатар, Хаг багийн малчин Б.Давааням нарыг аймгийн Засаг даргын нэрэмжит “Ховдын төлөө” медалиар, Борт багийн малчин Т.Пүрэвдаваа, А.Буянтогтох нарыг “Хүнс, хөдөө аж ахуйн Тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнуулсныг аймгийн Засаг дарга Д.Галсандондог гардуулан өгч,  халуун баяр хүргэсэн юм.   
Зөвлөлгөөнд  аймгийн Засаг дарга  Д.Галсандондог, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүх, аймгийн ХХААГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Пүрэвхүү, Мөнххайрхан сумын ИТХ-ын дарга Я.Очир, сумын Засаг дарга Б.Батболд болон 200 гаруй малчид, иргэдийн төлөөлөл оролцлоо.          
                                                                                     А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ