Ж.Зоригтбаатар: Миний цуглуулганд Бразил хөлбөмбөгч Луис Фабианогийн цамц бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-01-23 15:41:40
Дорнод /МОНЦАМЭ/. Хөлбөмбөгийн “улаан” фанатуудын нэг, Дорнод аймгийн Чойлбалсан сумын ерөнхий боловсролын сургуулийн физикийн багш Жамсранжавын Зоригтбаатартай сонирхолтой яриа өрнүүллээ. Тэрээр хүүхэд ахуйгаасаа хөлбөмбөгт хорхойсож, холбоотой юу л байна, тэр бүгдийг цуглуулж иржээ.

-Сайн байна уу? Зоригоо багш. Сайхан өвөлжиж байна уу? Таны хоббигоор аялж, сонирхолтой яриа өрнүүлэхээр зорьж ирлээ.
-Сайн байна уу? Манай нутагт цасгүй шахам хэрнээ их хүйтэн өвөл болж байна. Миний бага нас аймгийн төвд өнгөрсөн. Биднийг багад оросууд их байлаа шүү дээ. Тэдний хөлбөмбөг тоглохыг нь сонирхон хардаг сан. Зурагт гэдэг зүйл дөнгөж л орж ирж байсан үе. Телевизээр хөлбөмбөг, хоккей голдуу гарна. Үзээд суучихна даа. Польшийн “Панорама”, Чехийн “Стадион”, Словакийн “Старт” гээд 7 хоног тутмын сэтгүүлүүд манай улсын хэмжээнд хуруу дарам цөөн ирдэг байсан. Яаж ийгээд л олоод авчихна. Тэгсэн нь дунд ангид орох үедээ би хот руу шилждэг юм. Төв шуудангийн үүдэнд сэтгүүл олж авах гээд сахиад суучихдаг болсон. Ингэж л хөлбөмбөгт анх татагдсан даа. 

-Хөлбөмбөгтэй холбоотой зүйлсийг хүүхэд ахуйгаасаа цуглуулсан гэхээр одоо бол нэлээд арвижсан байж таараа. Ингэхэд хөлбөмбөмбөгийн аль багийн шүтэн бишрэгч  вэ?
-Хөлбөмбөгийн багуудын 90 гаруй ороолт, 600 орчим тэмдэг, туг, далбаа, хүзүүний зүүлт, түлхүүрийн оосор, тоглолтын СD, тамирчдын танилцуулгатай картууд байна. Бас 1975 оноос хойшхи Унгар, Чех, Польшийн спортын сэтгүүлүүд, мянга гаруй сонин бий. Дэмждэг баг гэвэл, би чинь Английн “Ливерпүүл” багийн улаан фанат. 1974 оноос хойш одоог хүртэл үнэнч дэмжигч нь хэвээр явна. Монголын анхны хөгжөөн дэмжигчдийн нэг, одоо бол хөгжөөн дэмжигчдийн клубдээ хамгийн ахмад нь шүү дээ, ах нь.

-Яг хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн дотор нь орж, шүтэн биширдэг тамирчдынхаа тоглолтыг хажуу дэргэдээс нь үзэж байв уу?
-Би Польшид хоёр ч удаа суралцахаар очиж байсан. Тэнд олон ч тоглолт үзсэн дээ. Анх 1976 онд очиход Польшууд хөлбөмбөгөөр л “амьсгалж” байв. Аргагүй шүү дээ, Польшийн шигшээ баг 1972 оны Мюнхэний олимпоос алтан медаль, 1974 онд Германд болсон Дэлхийн аваргын тэмцээнд Бразилийг хожиж гуравдугаар байрт шалгараад, тамирчид нь алтадсан мөнгөн медаль хүзүүндээ зүүчихсэн үе.  Дараа нь би 1990 онд Варшавын их сургуулийн Эрх зүйн ангид суралцахаар очсон. Наймаа ид цэцэглэж байлаа. Шүр, сувд гээд наймаалцаж болохоор юу л байна, мөнгө болгоод хөлбөмбөг үзнэ дээ. “Визев” багийг их дэмжинэ. Ороолтны цуглуулгаа “Визев” багаар эхлүүлж байлаа.

-Ороолт нь ямар учиртай эд вэ?
-Бэлэг тэмдэг нь л гэсэн үг. Хөлбөмбөгийн баг бүр хөгжөөн дэмжигчиддээ зориулж, янз бүрийн дурсгалын зүйл гаргадаг. Хөгжөөн дэмжигчид нь ороолтоо зүүж очоод багаа дэмжинэ. Ер нь хөлбөмбөгийн фанат гэдэг чинь бараг л “өвчин” шүү дээ.

-Нарийн ширийн цуглуулгаа гаднаас захиж авчруулж байна уу? Бэлэгнийх гэвэл хичнээн байна?
-Захиж авчруулах үе ч бий, бэлгэнд бас ирнэ ээ. Монголын анхны хөлбөмбөгийн ороолтоос эхлээд гаднын орнуудын, Английн багуудынх,  Ливерпүүлийн 10-аад ороолт байгаа. “Өдрийн сонин”-ы орлогч эрхлэгч, сэтгүүлч Б.Цэнддоо найз маань Испаниас авчирч, бэлэглэсэн ороолт энэ байна /харуулав/. Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн гэж тэр агуу хүнтэй манайх ойрын төрөл. Түүний үр ач нараас “Зенит”-ийн ороолт бэлэглэсэн. Миний цуглуулгын хамгийн нандин нь гэвэл Португалийн “Порто” клубт тоглож байсан, Бразил хөлбөмбөгч Луис Фабианогийн өмсөж байсан футволка. Сая төгрөгийн үнэтэй энэ футволкыг Японы нэгэн цуглуулагч анд маань надад дурсгаж байлаа.

-Таны цуглуулганаас хамгийн анхных нь юу байв?
-1970 онд Хоккейн дэлхийн аваргад оролцсон ЗХУ-ын баг тамирчдын зурагтай өнгөт открытка /ил захидал/

-Хөлбөмбөгөөс гадна хоккейд бас хоббитой юм аа даа.
-Хоккейн тоглолтуудыг алгасалгүй үздэг байсан. Оросын шигшээ багийн тамирчдыг андахгүй ш дээ. Оюутан байхад миний дэмждэг байсан тамирчин таалал төгсч, би хэд хоног сэтгэлээр унаж, хичээл номоо таслаж, нэг хэсэгтээ л тавгүйтэж билээ.

-Хөлбөмбөг тайлбарлагч Э.Балжинням таныг зорьж ирж, танилцуулгыг чинь сонирхож байсныг мэдэх юм?
-Хөлбөмбөгт хайртай хүмүүс миний цуглуулгыг сонирхох тун дуртай. Э.Балжинням 2013 онд зочилж, бид хоёр хөлбөмбөгийн тухай л баахан ярьсан даа. Нийтлэлч Баабар бид хоёр багын найзууд. Батбаяр маань миний цуглуулгыг сонирхож байсан. Ер нь үе үе цуглуулгаа дэлгэж харуулдаг юм.

-Цуглуулгандаа нэмэхсэн гэж хорхойсч байгаа зүйл гэвэл яг одоо юу байна? 
-Дорнодын фанатууд энэ онд хойд хөршид болох Дэлхийн аваргыг үзнэ гэж эртнээс төлөвлөсөн. Тийшээ явахдаа цуглуулгаа сонин содон зүйлсээр арвижуулна гэж бодоод л, өдөр хоног тоолж сууна.

Сэтгүүлч Б.Ерэнтэй нэгэн нийтлэлдээ “... Монгол талаасаа номер нэг улаан фэн, “Ливерпүүл”-ийн хөгжөөн дэмжигчдийн анхдагч нь Дорнод аймгийн Чойбалсан сумын дунд сургуулийн физикийн багш Ж.Зоригтбаатар болов уу. 1976 онд анх танилцахад, тэрбээр манай хойд хөршийн долоо хоног тутмын “Футбол-Хоккей” сонин 1974 оноос эхлэн тогтмол уншиж буйгаа сонирхуулж, уг хэвлэлд нийтлэгдсэн “Ливерпүүл”-тэй холбоотой бүх материалыг хайчлан тусад нь дэвтэрлэсэн хавтас үзүүлж байсан юм” гэж бичиж байж. Хэр үнэтэй, нандин цуглуулгатай нэгэн болох нь дээрх өгүүлбэрүүдээс л ойлгогдоно хэмээн бичиж байсан юм.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ