Музейн үзмэрүүдийг бүтээгдэхүүн болгож зах зээлд гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-01-22 16:41:00
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Орон нутаг судлах музей нь 2017 онд 1801 хүнд үйл ажиллагаагаа танилцуулж, үзмэр цуглуулгаа сонирхуулсан байна. Гадаадын жуулчид гэхээс илүү Арвайхээр хотноо аав ээж, ах дүүс, найз нөхдийндөө ирсэн дотоодын иргэд хамт олон, гэр бүлээрээ музейн үзмэрийг сонирхохоор ирдэг хэмээн тус байгууллагын ажилтан н.Бат-Эрдэнэ хэлж байв.
Тус музей нь 2000 гаруй үзмэрийн сан хөмрөгтэй бөгөөд байгаль газарзүй, ан амьтан, эртний түүх, угсаатан, сийлбэр, алдар гавьяатны, цэргийн гэсэн долоон танхимыг төрөлжүүлэн байгуулжээ. Бусад аймгаас онцлог, өвөрмөц үзмэр бол Сийлбэрийн танхим юм. Өвөрхангайчууд сийлбэрийн урлалаараа улсдаа алдартай ба Монгол Улсад сийлбэрийн төрлөөр гавъяат цол хүртсэн Д.Гүнд, Л.Дорж, С.Сэнгээ, Д.Гэлэгдандар, Л.Чуваамэд таван алдартан тавуулаа Өвөрхангайн уугуул. Мөн сийлбэрийн урлалын нэг гайхамшиг болох номын модон барыг тухайн үедээ “Барт хүрээ” хэмээн нэрлэгдэж байсан одоогийн Арвайхээрт л барладаг байжээ.
Сийлбэрийн танхимд байх УГЗ С.Сэнгээгийн Өвөрхангай аймгийн ан амьтан, байгалийг дүрсэлсэн “Баян байгаль” сийлбэр нь хамгийн алдартай бүтээл бөгөөд аймгаас 1980 хэдэн онд 33 төгрөгөөр худалдан авч байсан нь тухайн үедээ маш өндөр үнэ өртөг байсан. Уг бүтээл нь одоо ч үнэлэмжээ алдаагүй гэдгийг музейн ажилтнууд хэллээ.
Аймгийн Орон нутаг судлах музейгээс энэ онд үзмэрүүдээ ил захидал, бэлэг дурсгал зэрэг бүтээгдэхүүн болгон зах зээлд гаргах зорилттой байгаа аж. Мөн Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн мэндэлсний 140 жилийн ой тохиож байгаа учир Үндэсний музейтэй хамтарч, судалгаа шинжилгээ, үзэсгэлэнгийн чиглэлээр ажиллах төлөвлөгөөтэй байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ