Дээд шүүх О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэхээс татгалзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-01-19 12:57:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхим өнөөдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж, татгалзах шийдвэр гаргажээ.

МАХН-ын II Их хурлыг өнгөрөгч 12 дугаар сард УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Нийслэлийн МАХН-ын хорооны дарга Г.Бямбасүрэн нар зарлан хуралдуулсан. Тус хурлаар оролцогчдын дийлэнх олны саналаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг чөлөөлж, УИХ-ын гишүүн О.Баасанхүүг оронд нь сонгосон юм. Уг шийдвэрийг үндэслэн МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон шинээр сонгогдсон даргыг бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд хүсэлт гаргаж, энэ сарын 5-нд хэлэлцэхээр товлосон ч УИХ-ын гишүүн О.Баасанхүү материалтай бүрэн танилцаж амжаагүй гэсэн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулаад байсан юм. Гэвч өнөөдрийн хуралдаанаар намын II Их чуулганыг хүчинтэй гэж үзэх боломжгүй байдал тогтоогдсон бөгөөд намын дотоод зохион байгуулалттай холбоотой маргааныг шүүх шийдвэрлэдэггүй тул О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэхээс татгалзсан шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргалаа. 

Дээд шүүхийн уг шийдвэрийн талаар тайлбарт "Хүсэлт гаргагч О.Баасанхүү нь “2017 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн ээлжит бус Бага чуулганаас  намын II Их чуулганыг хуралдуулах шийдвэрийг гаргасан, намын II Их чуулган 2017 оны 12 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд хуралдаж, намын дүрэмд өөрчлөлт оруулж , намын даргыг шинээр сонгосон тул бүртгүүлэх” хүсэлтийг гаргажээ. МАХН-ын  дүрмийн 9.1-д зааснаар МАХН-ын удирдах дээд байгууллага нь Их чуулган, намын төлөөллийн төв байгууллага нь Бага чуулган байх ба дүрмийн 10.3-т зааснаар Намын Их чуулганы хуралдах тов, төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг сонгох журмыг Бага чуулганаас тогтоодог байна. Улсын Дээд шүүх хүсэлтийг хүлээн авч, хуралдаанаар хянан хэлэлцэх явцад намын гишүүд нь Бага чуулганы гишүүдийн тоо, гишүүдийн нэрс, түүнчлэн намын гишүүн мөн эсэх талаар хоорондоо маргаантай, намын II Их чуулганыг хүчинтэй гэж үзэх боломжгүй байдал тогтоогдсон байна. Улс төрийн намын тухай хуулийн 13.9-д зааснаар намын дүрмээр зохицуулах  намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй. Намын эрх бүхий  байгууллага өөрөө шийдвэрлэдэг тул Улсын Дээд шүүх МАХН-ын дүрэмд өөрчлөлт оруулах, намын даргаар О.Баасанхүүг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэв" гэжээ.

Өөрөөр хэлбэл МАХН үйл ажиллагааныхаа талаар дотоод маргаанаа эхлэн шийдвэрлэж, дүрэмдээ заасны дагуу Их хурлаа зарлан хуралдуулж, даргын асуудлаа хэлэлцэх шаардлага үүсч байгаа юм. Өнөөдрийн шүүх хуралдаанд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, нийслэлийн МАХН-ын дарга Г.Бямбасүрэн, МАХН-ын дарга Н.Энхбаярыг төлөөлж тус намын дэд дарга С.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан болон  Д.Оюунбаатар, Ц.Шаравдорж нарын гишүүд оролцжээ.  
Н.Туяа
 
Холбоотой мэдээ