Агаарын бохирдолд анхаарал хандуулахыг сануулж жагсаал хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-01-17 20:34:34
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Ардчилсан намаас өнөөдөр эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулж, УИХ-ын гишүүд болон аймгийн удирдлагуудад шаардлага хүргэлээ.
2018 оны эхнээс хэрэгжиж эхэлж буй татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэл, тэтгэврийн насны нэмэгдэл, шатахууны үнийн өсөлт нь УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй алдаатай бодлого хэмээн үзэж байгаагаа жагсагчид илэрхийллээ. Мөн аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, Г.Ганболд нарт хандан Арвайхээр хотын утаа гамшгийн хэмжээнд хүрч байгааг сануулж байв. Жагсагчид 6 зүйл бүхий шаардлага тавьж байгааг аймгийн Ардчилсан намын дарга Л.Энхбат уншиж танилцууллаа.

Тухайлбал, нэгдсэн дулааны станцыг нэн яаралтай барьж эхлүүлэх, агаарын бохирдлыг бууруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, агаарын бохирдлын индексийг тогтоох, иргэдийн оролцоог хангах, төрийн болон хувийн хэвшлийн уурын зуухнуудыг нэгтгэх замаар утаа гаргагч яндангийн тоог цөөрүүлэх хэрэгтэй гэсэн шаардлага тавьж байгаа ажээ. Мөн өнгөрсөн жилүүдэд тэрбум шахам төгрөг зарцуулж иргэдэд нийлүүлсэн утаа бага гаргадаг зуухны үр дүн гараагүй, харин орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэн шүүлтүүр тавих, тортоггүй болгох арга замаар асуудлыг шийдвэрлэх, агаарын бохирдлыг бууруулах нэрийдлээр үр дүнгүй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн төсөв хөрөнгийг үр ашиггүй зарцуулахгүй байх хэрэгтэй гэж шаарджээ.
Аймгийн Засаг дарга Г.Ганболд шаардлагыг хүлээн авч “Агаарын бохирдлыг бууруулах ажил улс орны хэмжээнд хүнд байна. Арвайхээрт ч амаргүй байгаа” гээд өнгөрсөн жилүүдэд нийлүүлсэн утаа бага гаргадаг 3000 гаруй зуухны үр дүн тодорхой хэмжээнд гарч, утааны хорт, хүнд элементүүд харьцангүй багассан нь судалгаагаар тогтоосон болохыг хэллээ. Түүнчлэн БНСУ-ын Экспорт Импортын банкаар дамжуулан тус улсын хөнгөлттэй зээлийн хүрээнд дулааны станцыг барьж эхлүүлэх гэж байгаа гэх мэдээллийг хүргэж, “Агаарын бохирдлыг бууруулахад ажлын хэсэг байгуулна, үүнд Ардчилсан намаас гишүүд орж ажиллаасай. Та бүхний зүгээс гаргасан санал санаачилгыг хэрэгжүүлэхэд анхаарч хамтарч ажиллахад бэлэн” хэмээн хариу мэдэгдэв.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ