2015 оны төсөвтэй холбоотой хуулиудыг нийтлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-11-20 09:14:37

“Төрийн мэдээлэл” Эмхэтгэлийн өнөөдрийн шинэ дугаарт Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн үзүүлэлт, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль зэрэг хууль тогтоолуудыг нийтэлжээ.

Тухайлбал Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд, Засгийн газрын шинээр авах гадаад хөтөлбөрийн зээл 202,500.0 сая төгрөг байхаар заалт орсон. Мөн 2015 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг баталсан бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагчид хэр хэмжээний төсөв зарцуулах эрхийг олгосныг энэ хуулиас мэдэж болно.

Эмхэтгэлд нийтлэгдсэн Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар, тус сангийн төсөвт 2015 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 356,932.3 сая төгрөгөөр, тус сангийн төсвөөс 2015 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 328,792.8 сая төгрөгөөр тус тус баталсан.

Түүнчлэн өнөөдрийн дугаарт, Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөрийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хууль болон Хуулийн төсөл буцаах тухай УИХ-ын тогтоолыг нийтэлсэн байна. 

Н.Туяа

 

Холбоотой мэдээ