Голомт, Улаанбаатар, Худалдаа хөгжлийн банк охин компаниа татан буулгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-01-17 11:45:15
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хууль батлагдсанаар Монголбанкнаас банкуудад тавьж буй хяналт шалгалтын эрх зүйн орчин сайжирч, хяналтыг олон улсын жишгийн дагуу хэрэгжүүлснээр эдийн засгийн хөгжлийг дэмжихэд ихээхэн нөлөө үзүүлнэ гэж санаачлагчид нь үзэж байна. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэлэлцүүлгийн үеэр хэлэхдээ өнгөрсөн долоо хоногт Төв банкны тухай хуулийг УИХ-аас баталсан. Уг хууль батлагдсанаар Монголбанкны удирдлагын тогтолцоо хамтын удирдлагын зарчимд шилжиж байгаа болохыг тодотгоод харин Банкны тухай хуулинд өөрчлөлт орсноор арилжааны банкуудад тавих хяналтад эргэлт гарна гэсэн тайлбарыг хийж байв.

Энэ үеэр байнгын хорооны дарга Д.Дамба-Очир банкууд охин банк байгуулдаг асуудал уг хуулийн хүрээнд тасалбар болж байгааг дуулгаад энэхүү заалтаар санал хураалт явуулахад олонх дэмжсэн юм. Одоогийн байдлаар Голомт, Улаанбаатар, Худалдаа хөгжлийн банк дэргэдээ охин компани байгуулаад буй аж. Тиймээс ирэх дөрөвдүгээр сарын нэгэн гэхэд охин компани байгуулах эрхийг цаашид олгохгүйн дээр одоо үйл ажиллагаа явуулж буй компаниудаа татан буулгах чиглэлийг Монголбанкнаас арилжааны компаниудад үүрэг болгоно гэдгийг Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлж байлаа. Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад дийлэнх нь дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтов.
 
Б.Туул
Холбоотой мэдээ