2017 оны ажлаа иргэддээ тайлагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-01-14 17:21:42
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-аас “Хөгжлийн төлөө хамтдаа “ тайлан уулзалтыг энэ оны нэгдүгээр сарын 13-нд “Саран хөхөө” театрт зохион байгууллаа.
Уулзалтаар тус сумын ЗДТГ-аас 2017 онд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын ажлууд, нийгэм, хөдөө аж ахуй, дэд бүтэц, эрүүл мэнд зэрэг өргөн салбарт хэрэгжүүлсэн ажлын тайлангаа тавив.
2017 оныг Дорноговь аймгийн ЗДТГ-аас “Их бүтээн байгуулалтын жил” болгон зарласан бөгөөд энэ хугацаанд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын ихэнхийг Сайншанд суманд өрнүүлсэн байна. Тухайлбал, Монгол Улсын Дорноговь аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын буцалтгүй тусламж, зуун хувийн санхүүжилтээр Сайншанд хотын “Алтанговь” худалдааны төвийн урд талбайг гэрэлтүүлэгтэй,  өндөр цамхагт цагтай, явган хүний зорчих тав тухыг хангасан шийдлээр бүрэн тохижуулж хүлээлгэж өгсөн.
Мөн Эрээн хотын тусламжаар Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйлчлүүлэгчдийг угтан авдаг амбулаторийн хүлээлгийн танхимыг  орчин үеийн шийдэлтэй, тохь тухтай байдлаар засварлаж хүлээлгэн өгсөн. Бугат хотын Дархан муу мянган хошууны хөрөнгө оруулалтаар "Хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэн" сүндэрлүүлсэн. “Тэгш гудамж”, “Хотын гудамж”, “Хамтдаа тохижуулья” зэрэг тохилог орчинд  амьдрах нөхцлийг бүрдүүлэх олныг хамарсан аяныг зохион байгуулсан.
Сумын гудамж талбай, албан байгууллага, айл өрхийг хаягжуулж, камержуулсан, хямд өртөгтэй орон сууц барьсан, хуучин орон сууцын барилгын гаднах өнгө үзэмжийг сайжруулж, дулаалсан гээд өнгөрөгч онд  ажил ундарсан, үр бүтээлтэй жил байсан талаар сумын Засаг дарга С.Одбаяр дурдав.

Мөн дээрх бүх ажлыг хотын иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэнтэй хамтран зохион байгуулсан бөгөөд тэдэнд талархал илэрхийлж буйгаа уламжилсан юм. Харин иргэдээс зургадугаар багт Иргэдийн хөгжлийн төвийг байгуулсан нь багийн Ажлын  алба, цагдаа, Өрхийн эмнэлэг төвлөрөн  ажиллаж  тухайн нутаг дэвсгэрт амьдарч буй иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос хүргэх боломжийг бүрдүүлсэн байна.
"Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад эмэгтэйчүүдийн хөгжлийн нэгдсэн төв" ашиглалтад оруулсан нь ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллах нөхцлийг бүрдүүлсэн шинэлэг ажил болсноос гадна хотыг тохижуулах аяныг зохион байгуулснаар Сайншанд өмнөхөөсөө илүү өнгө зассан гэж уулзалтад ирсэн иргэдийн төлөөлөл ярьж байлаа.
Хотын төвийн 6.83 км авто замыг шинэчлэх ажлыг “Эн ди ти кэй”ХХК, туслан гүйцэтгэгчээр “Дорноговь-АЗЗА” төрийн өмчит компани тус тус ажиллажээ. Гэхдээ замын ажлыг бүрэн дуусгаагүй бөгөөд ирэх жил дулааны улирал эхлэхээр дахин хучилт хийх аж.
Уулзалтын төгсгөлд албаныхан энэ онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлыг танилцуулсан бөгөөд иргэдийн сонирхсон асуултад хариулсан. Иргэд  авто зам, газар өмчлөл, худаг ус гаргах, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг цөөнгүй асудлаар асуулт асууж, хариулт авав.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ