Булган аймаг усны талаар нэгдсэн бодлоготой болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-01-12 17:00:18
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын дарга, Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын зөвлөлийн дарга М.Оюунбат “Монгол Улсын усны бодлогын цөмийг тодорхойлдог, томоохон таван гол мөрөн дамжин урсдаг аймгийн хувьд усыг ашиглах, хамгаалах чиглэлийн нэгдсэн бодлого гаргана” гэж тус аймгийн нутаг дэвсгэрт хамрагддаг сав газрын захиргааны байгууллагын удирдах ажилтны зөвлөлгөөн дээр хэллээ.
Сэлэнгэ, Орхон, Хануй, Туул, Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны удирдах ажилтнуудын зөвлөлгөөнд БОАЖЯ-ны газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар, сав газрын удирдлагын хэлтсийн дарга Н.Баттулга нар оролцлоо.
Сав газрын захиргааны усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд аймгийн хөрөнгө оруулалтыг тогтвортой нэмэгдүүлэх, үр дүнг тайлагнах, хүний нөөцийг чадавхжуулах, техник, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулахаар зорилгоор энэ зөвлөлгөөнийг Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын зөвлөл зохион байгуулж байна. Тус сав газрын захиргаа Эгийн голын эхнээс Эг, Сэлэнгийн бэлчир хүртэл 525 км нутгаар урсах Эгийн голын голдирол дагуух усны нөөцийн эх үүсвэрийн аюулгүй байдлыг хангах, зүй зохистой ашиглах, бохирдлоос хамгаалах, мэдээллийн санг бүрдүүлэх үйл ажиллагаа явуулдаг байна.
М.Батжаргал
Холбоотой мэдээ