Хоёр Солонгос хэлэлцээ хийж эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-01-09 09:28:32
СӨҮЛ. /Ёнхап/. Сүүлийн хоёр жилийн хугацаан дахь хоёр Солонгос хоорондын анхны хэлэлцээ орон нутгийн цагаар өнөө өглөөний 10:00 цагт Панмүнжом тосгонд эхэлсэн тухай “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Ирэх сард Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох өвлийн олимпийн наадамд Умард Солонгосын тамирчдыг оролцуулах асуудлыг талууд голлон авч хэлэлцэх төлөвтэй байна.

Өнгөрөгч оны тавдугаар сард Мүн Жэ Ин Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш талууд анх удаагаа хэлэлцээ хийж байгаа нь энэ юм .

Өмнөд Солонгосын талын төлөөлөгчдийг Улс орноо нэгтгэх сайд Чо Мён Гён, Умард Солонгосын төлөөлөгчдийг Солонгосыг энх тайвнаар нэгтгэх хорооны тэргүүн Ри Сон Гвон тэргүүлж байна.

Энэ дээд түвшний уулзалтыг хоёр талын харилцааг сайжруулах "нэгэн боломж" гэж Сөүл үзэж байна. Уг уулзалтаар дамжуулан Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжааж, Солонгосын дайны улмаас хилээр тусгаарлагдсан хүмүүсийг гэр бүлийнхэнтэй нь уулзуулах асуудлыг Умард Солонгосын талтай авч хэлэлцэхийг Сөүл эрмэлзэж байгаа аж.

АНУ-тай хамтарсан цэргийн сургуулилтууд хийхээ болихыг энэ уулзалтын үеэр Умард Солонгосын төлөөлөгчид Өмнөд Солонгосын талд уриалж мададгүй гэж ажиглагчид үзэж байна.
Г.Доржханд

Холбоотой мэдээ