Өвлийн Олимп Солонгосын хойгт “дулаарлыг” авчрах уу?

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2018-01-07 14:36:49
Шинэ он гарснаас хойших эхний хэд хоногт Солонгосын хойгоос ирж буй мэдээнүүдийн агуулга илт өөрчлөгдөж, эвлэрэл, дулаарал эхлэв үү гэсэн сэтгэгдэл төрүүлэхээр өнгө аястай болсон байна.

АНУ, Умард Солонгосын удирдагчид цөмийн товчлуурын талаар маргалдаж байх зуур хоёр Солонгосыг холбодог харилцаа холбооны тусгай шугам 2016 оны 2 дугаар сараас хойш анх удаа ажиллаж эхэллээ. Үүнийг хоёр Солонгосын харилцаанд “эвлэрэл дулаарал” бий болох гэж буйн шинж тэмдэг гэж ажиглагчид дүгнэж байна.

Яаралтай холбоо барих тусгай шугам ажиллахгүй болсон учир нь, тухайн үед Кэсон дахь аж үйлдвэрийн паркийг Сөүлийн эрх баригчид хаасны хариуд Пхеньян телефон утасны шугамыг хааснаар хоёр Солонгос хоорондоо шууд харилцах боломжгүй болоод байлаа.

Харин он солигдох мөчид Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэн хагас цаг орчим үг хэлэхдээ “БНАСАУ-ын тамирчид “Пёнчан-2018” өвлийн Олимпын тоглолтод оролцох хүсэлтэй байгаа ба энэ асуудлаар Өмнөд Солонгосын талтай хэлэлцээ хийхэд бэлэн” гэсэн билээ.
“2018 он бол Умардын хувьд ч, Өмнөдийн хувьд ч чухал жил. Манай улс байгуулагдсаныхаа 70 жилийн ойг тэмдэглэх бол Өмнөдийнхөн өвлийн Олимпын тоглолтыг зохион байгуулах гэж байна” гэж Ким Жөн Ун хэлснийг онцлох нь зүйтэй.

Тэрбээр мэндчилгээ дэвшүүлэхдээ “яриа хэлэлцээ хийхэд бэлэн” гэж мэдэгдсэний дараа өмнөдийнхөн хоёр ч удаа холбооны тусгай шугамаар умардынхантай холбогдох гэж оролдсон боловч хариу өгөөгүй байна.

Харин 4-ний өдрийн 15 цаг 30 минутанд Умардын талаас холбооны шугамыг нээн ажиллуулжээ. Мөн өдөр БНАСАУ-ын Улс орноо энх тайвнаар нэгтгэх хорооны дарга мэдэгдэл хийхдээ, Өмнөдийн удирдагчийг “Ерөнхийлөгч Мүн Жэ Ин” гэж хүндэтгэлтэй байдлаар нэрлэсэн нь анхаарал татлаа.
Саяхныг хүртэл  хоёр Солонгос бие биенийгээ  тун эвгүй үгээр дайрдаг байсан билээ. Тухайлбал, Умардын хэвлэлүүд Өмнөд Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг “АНУ-ын гар хөл бологч хөлсний этгээд” гэж нэрлэж байсан. Тэр ч бүү хэл Б.Обаматай уулзсан өмнөх Ерөнхийлөгч Пак Гөн Хэ-г Умардын хэвлэлүүд “зальтай биеэ үнэлэгч” гэж нэрлэсэн удаа бий. Умардын тал Сөүл хотыг “цөмийн зэвсэг хэрэглэж үнс нурам болгоно” гэж сүрдүүлж байлаа.

Харин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнгөрсөн сард мэдэгдэхдээ “Олимпын наадмыг дуустал америкчуудтай хамтран цэргийн сургуулилт хийхгүй” гэж хэлсэнд Умардын тал талархалтай хандаж байр суурь нь зөөлөрсөн бололтой. АНУ, Өмнөд Солонгос хоёр цэргийн хамтарсан сургуулилт хийх бүрийд Пхеньян “дайн өдөөхөөр бэлтгэж байна” гэж буруушаадаг байсан билээ. 

Умардын тамирчдад урилга олдох уу?  

Холбооны тусгай шугамаар ярилцсаны эцэст хоёр тал энэ сарын 9-нд уулзахаар товлож, Умард Солонгосын тамирчдыг Олимпод оролцуулах асуудлыг хэлэлцэнэ гэдэг нь тодорхой боллоо. Мөн уг асуудлаар тохиролцож чадна гэсэн итгэл нэгэнт бий болсон байна.

Одоогийн байдлаар Умардын хос уран гулгагчид болох Ём Тэ Ок, Ким Ю Сик нар Олимпын эрхээ авчихаад байгаа юм. Гэтэл тамирчдыг бүртгэх хугацаа /30/X/ нэгэнт дуусчихсан учраас тэдний оронд Японы хос уран гулгагчид Олимпод оролцуулах шийдвэр гарсан байна. Тэгэхээр одоо Умардын хоёр тамирчинд ОУОХ-ноос тусгай урилга /wild card/ ирүүлсэн тохиолдолд л тэд Пёнчанд очих боломжтой. “Пёнчан-2018” наадмыг зохион байгуулах хороо “Умардын тамирчид, албаны хүмүүсийг Олимпын тосгонд авчрахын тулд хөлөг онгоц илгээхэд бэлэн” гэдгээ мэдэгдлээ.



Түүнээс гадна, Олимпод оролцох Умард Солонгосын тамирчдын зардлыг “Эв санааны нэгдлийн хөтөлбөр”-ийн хүрээнд даана гэдгээ ОУОХ өмнө нь мэдэгдэж байсан билээ. Олимпод бэлтгэхэд хөрөнгө мөнгөөр гачигдаж байгаа улс орнуудын шигшээ багуудыг дэмжихын тулд дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байна

Дашрамд сонирхуулахад, Умардын тамирчид АНУ-ын Солт-Лейк хотод 2002 онд болсон Олимпын тоглолт, 2014 оны Сочигийн Олимпод оролцоогүй өнжсөн аж. Өвлийн Олимпод оролцсон түүхэндээ умард солонгосчууд нийтдээ 2 медаль авсныг дурдвал, 1964 оны Инсбрукийн тоглолтод тэшүүрийн төрөлд мөнгөн медаль, 1992 оны Альбервиллийн Олимпод шорт-трекийн төрлөөр хүрэл медаль хүртэж байсан байна. Харин зуны Олимпын наадмуудад БНАСАУ-ын тамирчид үүнээс хавьгүй өндөр амжилт үзүүлсэн бөгөөд тэд 1972 оноос хойш нийтдээ 54 медаль хүртжээ. 

Америк хандлага

Умардын удирдагч шинэ жилийн мэндчилгээндээ “Олимпод оролцох хүсэлтэй байна гэдэг нь манай улс цөмийн хөтөлбөрөөсөө татгалзана гэсэн үг биш” гэж хэлснийг дурдах нь зүйтэй.                                                                                                        
АНУ-ын зарим шинжээчдийн үзэж байгаагаар, Ким Жөн Уны мэдэгдэл бол спортыг ашиглан улс төрийн ашиг хонжоо олох гэсэн явуургүй оролдлого аж. “Яриа хэлэлцээ хийхэд бэлэн” гэсэн нь ойрын холбоотнууд болох Өмнөд Солонгос болон АНУ-ын хооронд яс хаях, үүний сацуу олон улсын тавцанд хэт тусгаарлагдсан байдлаас улс орноо гаргах гэсэн алхам гэнэ. 

Ерөнхийдөө бол, Америкийн эрх баригчид Сөүл-Пхеньяны хэлэлцээнд үл итгэх байдлаар хандаж байна гэж хэлэхэд болно. Ерөнхийлөгч Д.Трамп твиттер хуудсандаа “хоёр Солонгосын яриа хэлэлцээ сайн зүйлд хүргэх үү, үгүй юу гэдгийг мэдэхгүй байна” гэж жиргэжээ.

Төрийн Департаментын төлөөлөгч Хезер Науэрт мэдэгдэхдээ “бид бол Өмнөд Солонгосын ойрын холбоотнууд. Хэрвээ өмнөд солонгосчууд Умард Солонгостой хэлэлцээ хийх гэж байгаа бол энэ нь тэдний сонголт. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад чиглэсэн манай улсын бодлого өөрчлөгдөөгүй” гэсэн байна. Тэрбээр мөн “Ким Жөн Ун шударга шулуун байж чадна” гэдэгт итгэхгүй байгаагаа хэлжээ.

Хүйтрэл ба дулаарлын мөчлөгүүд

Нөхцөл байдлыг бүхэлд нь дүгнэх аваас, Умард-Өмнөдийн харилцаа нэг үе хурцдаад, дараа нь эргээд зөөлрөн “дулаардаг” мөчлөгт нэгэнт орсон байна.

Сүүлийн 10 жилийн хугацаанд Солонгосын хойгийн байдал  улам л муудсаар ирлээ. Ерөнхийлөгч Ли Мен Бак-ын үеэс л Өмнөд Солонгосын тал Умардын талаар маш хатуу байр суурь баримталж байгаа билээ. Тодруулбал, Умард Солонгос хэрвээ цөмийн хөтөлбөрөө зогсоохгүй бол яриа уулзалт хийх талаар бодохын ч хэрэггүй гэж Өмнөдийн тал мэдэгдээд хамтран хэрэгжүүлж байсан төслүүдээ бүгдийг нь зогсоосон. Ингэснээр “Кэсон” эдийн засгийн тусгай бүс хаагдаж, тэнд ажиллаж байсан Умардын 50 мянган иргэн ажилгүй болов. Хүмүүнлэгийн тусламжийн ажиллагаа болон дайны үеэр хагацаж салсан гэр бүлийнхнийг хооронд нь уулзуулах арга хэмжээ үндсэндээ зогсчээ.

Ийм байдлаар өнөөдөр хоёр Солонгосын харилцаа туйлдаа хүртэл муудаад байна. Үүнээс цааш явах газар үгүй гэгчээр харилцаа цаашид улам доройтно гэсэн ойлголт байх боломжгүй юм. Учир хэмээвээс, хэдхэн сарын өмнө Солонгосын хойгт цөмийн дайн, зэвсэгт мөргөлдөөн дэгдэж магадгүй нөхцөл байдал үүсч байсан билээ.

Гэхдээ хоёр орны харилцаанд дулаарлын үе ирж байсныг дурдах нь зүйтэй. Онцолвоос,  1998 онд Ерөнхийлөгч Ким Дэ Жүн засгийн эрхэнд гарангуутаа Умард Солонгосын талаар явуулах “Нарны илч” бодлогоо зарлаж, улс төрийг эдийн засгаас ялган зааглана гэдгээ мэдэгдсэн юм. Үүний хариуд Умардын удирдагч асан Ким Чен Ир солонгос үндэстнийг нэгтгэн нягтруулах 5 зарчим гэдгээ танилцуулж байв.  



Ким Дэ Жүний үед /1998-2001/ Умард Солонгост үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжийн хэмжээ 327 сая долларт хүрчээ. Харьцуулахад, өмнөх Ерөнхийлөгч Ким Ён Сам-ын үед энэ тоо 284 сая доллар байв.

2000 оны 6 дугаар сард Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалт, сайд нарын түвшинд 8 удаагийн уулзалт болж байв. Дайны үед салж хагацсан гэр бүлүүдийн уулзалтыг 5 удаа зохион байгуулсан гэх мэт олон дэвшил гарч байлаа.

Хоёр тал 2000 оны 6 дугаар сарын 15-ны Хамтарсан мэдэгдэл гаргаж байсан бол  2001 оны 6 дугаар сард хоёр улсын удирдагчид түүхэнд анх удаагаа нүүр тулан уулзаж байв.

Эцэст нь, хамгийн сүүлд ирсэн мэдээллийг үзвэл, БНАСАУ-ын Улс орноо тайвнаар нэгтгэх хорооны дарга Ли Сон Гвон-оор ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 9-ний өдөр болох хэлэлцээнд оролцохоор болсон байна.

Харин Өмнөд Солонгосын тал Улс үндэстнээ нэгтгэх асуудал эрхэлсэн сайд Чо Мён Гюн тэргүүтэй 5 хүнийг хэлэлцээ хийхээр илгээхээр шийдвэрлэжээ.

Б.Адъяахүү    
Холбоотой мэдээ