Ховд аймаг хүүхдийн эрхийн улсын байцаагчтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-01-05 09:18:35
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн үнэмлэхийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ц.Номинчимэг тус байгууллагын хүүхдийн эрхийн чиглэлээр дагнан ажилладаг мэргэжилтэн О.Мандалсүрэнд  гардуулан өглөө.
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Good Neighbors Олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр Хүүхдийн эрхийн улсын байцаагч бэлтгэх сургалтад Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн О.Мандалсүрэн хамрагдаж хүүхдийн эрхийн улсын байцаагчаар ажиллах болзлыг хангаж, эрхээ гардаж авлаа.
Хүүхдийн эрхийн улсын байцаагч нь Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд эрсдэлт нөхцөлд байгаа  хүүхдийг илрүүлэх, мэдээлэл хүлээн авах, шалгах, үнэлэх, хариу үйлчилгээ үзүүлэх, түүнчлэн хүүхдийн эсрэг зөрчлийг шалган шийдвэрлэх, бусад байгууллагатай хамтран ажиллах чиг үүрэгтэй  ажиллах юм байна.
 
Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн мэргэжилтэн О.Мандалсүрэн тус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллахдаа хурдан унаач хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах, эрх нь зөрчигдөж байгаа бүтэн өнчин, эмзэг бүлгийн хүүхдүүдийн эрх ашгийн төлөө хүчтэй дуу хоолой болж ирсэн туршлагатай ажилтны нэг юм.
                                                                                                                             А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ