Хяналтын дөрвөн постыг буулгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-01-04 11:32:01
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Элдэв багийн нутагт гарсан малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн хяналтын постыг энэ оны нэгдүгээр сарын 04-нөөс эхлэн буулгаж нөхцөл байдлыг энгийн зэрэгт шилжүүлж байгаа талаар Даланжаргалан сумын Засаг дарга С.Уранцэцэг мэдээлэв.
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 11-нд малын гоц халдварт шүлхий өвчин гарсанай холбогдуулж хорио цээрийн дэглэм тогтоож голомт бүхий газарт гурван пост, мөн хяналтын дөрвөн постыг ажиллуулж байсан юм. 
Энэ хугацаанд өвчин гарсан газарт хоёр өрхийн дөрвөн үхэр өвчилснийг устгасан байна. Одоогоор өвчний голомт бүхий газарт  нэг ээлжинд цагдаа, онцгой байдал, мал эмнэлэг болон бусад ажил хариуцсан  30 гаруй хүн үүрэг гүйцэтгэж байна.
Мал эмнэлгийн ажилтнууд өвчин тархаж болзошгүй газрын нийт 34200 бог малд урьдчилан сэргийлэх тарилга хийсэн аж. Хэрэв энэ сарын 09-нийг хүртэл дахин өвчин гараагүй тохиолдолд өвчний голомтод байгаа гурван постыг буулгаж энгийн зэрэгт шилжүүлжээ.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ