Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучууд эргэлтэт дугуйгаар үнэ төлбөргүй хичээлэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт спининг буюу “Эргэлтэт дугуй”-н клубт хөгжлийн бэрхшээлтэй 47 хүүхэд, залуучууд үнэ төлбөргүй амжилттай хичээллэжээ. Энэ клубт хичээллэх иргэдийн тоо нэмэгдэж байна. Тодруулбал өнгөрсөн жилийн зургадугаар сард байгуулагдсан тус клубт 2017 онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээс гадна 400 орчим иргэн хичээллэсэн байна.
Тус клубд энэ нэгдүгээр сард хичээллэхээр 31 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүртгүүлжээ. Эдгээр хүүхдүүд үнэ төлбөргүй хичээллэх бөгөөд хөдөлгөөний дутагдлаас сэргийлж булчин суллах, мөн огт хөдөлгөөнгүй саажилттай хүүхдүүдэд хөдөлгөөний эвсэл оруулах эмчилгээний дасгал хөдөлгөөнийг зааж эмчилгээ хийх ажээ. Завхан спининг клуб нь энэ жил байраа өргөтгөж илүү олон үйлчлүүлэгчидтэй болж илүүдэл жингээ хаях, мөн хөдөлгөөний дутагдлаасаа гарах эрүүл мэнддээ анхаардаг хэн бүхэнд нээлттэй гэдгээ мэдээлэв. Мөн клуб нь үйлчлүүлэгчиддээ суурин дугуйн дээр дасгал хийлгэхээс гадна фитнес, булчин суллах бариа, толгойн бариа, бүтэн биеийн эмчилгээний бариа засал, эрүүл зөв хооллолтын зөвлөгөө, нурууны суултны эсрэг дасгал, зөвлөгөө өгдөгөөрөө бусад клубүүдээс давуу талтай ажээ.
Дашрамд Завхан спининг клуб нь Монголын Тусгай Олимпийн хороотой хамтран оюуны бэрхшээлтэй хүүхэд залуусыг үнэ төлбөргүйгээр бэлтгэл сургуулилт хийлгэж нийгэмшүүлэх олон хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлдэг ажээ.
Б.Мягмарсүрэн