Байнгын хорооны хуралдаан түр завсарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-12-27 15:47:15
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүн өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  

Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Жавхлан танилцуулав. Ажлын хэсэг гурван удаа хуралдаж, хуулийн төсөлтэй холбогдуулж бусад Байнгын хорооноос ирүүлсэн санал дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудтай нэг бүрчлэн танилцаж, судалсан байна. Хуулийн төсөлтэй холбогдуулж банкны үйл ажиллагаанд хийх хязгаарлалт, банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэрэгсэл, банкинд хяналт тавих Монголбанкны бүрэн эрх, хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээг өөрчлөх зэрэг болон бусад асуудлын хүрээнд саналын томъёолол бэлтгэн танилцуулж байгаагаа тэрбээр дурдав.

Танилцуулгатай холбогдуулан ажлын хэсгээс асуулт асуух шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жавхлан  хэлэлцэж буй төслийн хамт өргөн мэдүүлсэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаах нь зүйтэй хэмээн Ажлын хэсэг үзсэн болохыг хэлээд хоёр санал боловсруулах шаардлага үүсээд байгааг танилцуулав.

Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир Ажлын хэсэг дахин хуралдаж, уг асуудлуудаа шийдвэрлэх хүртэл Эдийн засгийн байнгын хорооны хуралдааныг түр завсарлуулаад байна. 
Н.Туяа

 
Холбоотой мэдээ