Байгалийн түүхийн 1469 үзмэрт эрдэм шинжилгээний тодорхойлолт бичжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-12-20 00:02:54

Завхан/МОНЦАМЭ/. Завханы музей энэ жил 24 сумын музей техникийн ажилчдын хийсэн 53 судалгаа шинжилгээг бүртгэж хүлээн авчээ. Мөн угсаатны, байгалийн түүхийн музейн үзмэрээс 1469 үзмэрт эрдэм шинжилгээний тодорхойлолт бичиж, зурагжуулан, RCH программ дээр бүртгэн баримтжуулжээ.
Тус музей жилдээ 1700 гаруй хүнд үнэгүй үйлчилдэг ба энэ жил 7000 орчим хүн үйлчлүүлжээ.  Өдгөө тус музей нь байгалийн, түүхийн, угсаатны гэх мэтчлэн 11 танхимтай. Тухайлбал байгаль газар зүйн танхимд МЭӨ 3-4 мянган жилийн өмнөх үеийг төлөөлөх хүрэл зэвсгийн олдворууд, Завхан нутгийн уул нуруу, хээр талаас дээжлэн авсан ашигт малтмал, эрдэс баялаг, үнэт чулуунууд, Монголын улаан номонд орсон борцгор хотон, цоохор ирвэс, аргаль угалз, янгир хулан, буга согоо зэрэг 40 орчим амьтдын чихмэл байдаг. Мөн Завхан нутгийн сайн үүлдрийн махны ноосны чиглэлийн нарийн ноост сартуул омгийн хонь, буурал омгийн ямаа зэрэг ан амьтад, жигүүртэн шувуудын чихмэл, бэлчээрийн ба эмийн ургамлын цуглуулгууд, дэлхийд устаж үгүй болсон палентлогийн олдвор болох арслан зааны дунд чөмөгний яс зэрэг бий. Энэ танхимыг түшиглэн Улиастай сумын зургаан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан сургалт танин мэдэхүйн хичээлийг долоо хоногийн хоёр өдөр  явуулдаг уламжлалтай. Энэ хичээл дээр хүүхдүүд музейн ховор эд үзмэрийг хэрхэн хадгалж хамгаалах талаарх хэлэлцүүлэг өрнүүлдэг ажээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ