УИХ-ын гурван байнгын хороо хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-12-12 09:37:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдана.

Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлж, “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм” батлах тухай болон “Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх юм. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэлж, Малын генетик нөөцийн тухай, Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг тус тус хэлэлцэнэ.

Төрийн байгуулалтын байнгын хороо 14 цагаас хуралдах ба Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийх юм. Мөн Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай, Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгүүд хуралдах аж.
Б.Туул
Холбоотой мэдээ