Зудын эрсдэлийг бууруулах менежмент

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2017-12-10 16:41:07
Мөнгөн өвлийн тухай гэгээн дурсамж хүн бүхэнд бий. Түүнтэй яг адил бас гашуун сургамжууд ч дүүрэн байдаг. Энэ удаа өвлийн гэгээн, гэнэн дүрслэлүүдийг орхиод цаашаа өнгийн харах  хэрэгтэй гэж  үзэх хүн олон байна. 2018 он гурван долоо хоногийн дараа гарна. Улс орон даяар малын тооллого эхэллээ.

Урьдчилсан байдлаар энэ жил 66, 6 сая толгой мал өвөлжинө гэсэн тооцоог мэргэжлийн байгууллагууд  гарсан билээ.  Жил бүр өвөлжих малын тоо толгой өсөж байгаа. Монголчууд намар болохоор өвлийн тухай, зудын тухай ярьдаг.   Зудын тухай олголт нүүдлийн мал аж ахуйтай салшгүй холбоотой учир монголчууд байнга татагдан ордог.

Ер нь өвөл удаан хугацаагаар  цас орох, цаг агаар хэт хүйтэрч мал бэлчээргүй  болсоноос  үүдэн гардаг, өвлийн улирал дахь байгалийн  үзэгдлийг зуд гэж нэрлэдэг уламжлалтай.. Монгол улсад цаашдаа цаг агаарын эрс тэс үзэгдлүүд улам бүр нэмэгдэнэ гэж уур амьсгалын өөрчлөлтийн загварын  суддалгаагаар тооцоолон гаргажээ.

Малын онд оролтоос малчин өрхийн амьжиргаа  их хамаардаг. Иймд  зудад нэрвэгдсэн бүс нутгийн иргэд эрсдэлд ордог.  Тухайлбал 2009-2010 онд болсон зудыг 9,7 сая толгой малын гарзтай манайхан давсан байдаг. Энэ нь 1944- 2017 оны хооронд болсон зудаас хамгийн олон тооны малаа алдсан тохиолдол болсон юм билээ.  

Ердийн зуншлагатай жилд улсын хэмжээнд 1,2-1,4 сая тонн өвс бэтгэдэг байв. Харин 2017 оны хувьд бороо оройтож орсон, хадлан бэлтэгдэг хангайн бүсийн нутгаар өвс ургаагүй, тул 830 мянган тонн хадлан бэлтгэжээ. Энэ өвөл 400 мянган тонн өвс, 51 мянган тонн хүчит тэжээл дутагдана гэсэн тооцоог ХХААХҮЯ гаргасан байна. Тийм болохоор 2018 оны  өвөлжилт, хаваржилтийн бэлтгэлийг хангах үүднээс УИХ-аас 2017 оны 12 дугаар сарын 4-өөс 2018 оны 6 дугаар сарын 31 өдөр хүртэл гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-аас чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Импортлох өвс, тэжээлийн жагсаалтыг Засгийн газар гаргана. Энэ бол өвөл, хаврыг малын гарзгүй давах талаар төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ. Арга хэмжээ авах нэг хэрэг, түүнийг орон нутагт зохион байгуулах нүсэр ажил ард үлдлээ гэж ойлгож болно.

Малын өвөлжилт, хаваржилтад төрөөс гадна  малчны  хувийн бэлтгэл ажил том байр суурь эзлэх ёстой. Малчид зуд болохоор төрөөс өвс, тэжээл шаардаад суугаад байж болохгүй. Үндсэн хуульд “мал төрийн хамгаалалтад байна “ гэсэн заалт байдаг. Гэхдээ мал малчны хувийн өмч гэдгийг мартаж болохгүй.

Жил бүр өвөлжих малын тоо, толгой өслөө. Зудын давтамж ойртлоо.Бэлчээрийн даац хэтэрлээ. Цөлжилт хүрээгээ тэллээ. Энэ бол малчнаас уламжлалт арга ажиллагаанаас гадна нийгэмтэй харилцах өргөн цартай үйл ажиллагаа явуулахыг шаардах болжээ. Зудыг онолын хувьд  эрсдэлгүй давах боломжтой гэж үзэх юм билээ. Түүнээс урьдчилан сэргийлэх, өвөлжөө, бууцаа бэлдэх, малаа тарга хүч авхуулах, зохистой тоонд барих, зах зээлд борлуулах гээд олон янзын арга хэрэгсэл багтаасан цогц үйл ажиллагааг мэргэжилтнүүд зудын менермент гэж нэрлэх юм.
Малчид  эдгээрийг амьдралынхаа салшгүй нэгэн хэсэг,  дадал, зуршил  болгож шинэ хөдөөгийн хэв шинжийг цогцлоон бүрдүүлбэл малчид, түүнийг дагаад монголчууд болж өнгөрсөн зудтай жилүүдийн хэмжээний асар их  хохирол амсахгүй байх өндөр магадлалтай болно гэж хүмүүлгийн салбарынхан хэлэх юм. Тэр үнэн үү.   Г.Эрдэнэбат
Холбоотой мэдээ