Конго улсад 15 энхийг сахиулагч амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-12-09 09:02:59
ГОМА. /Шиньхуа/. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын  /БНАКУ/ зүүн нутагт босогчид НҮБ-ын 15 энхийг сахиулагчийг хөнөөсөн тухай “Шиньхуа” агентлаг мэдээллээ.

НҮБ-аас баасан гарагт буюу өчигдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, пүрэв гарагийн орой БНАКУ-ын Умард Киву муж дахь энхийг сахиулагчдын бааз руу босогчид халдан Танзанийн 15 энхийг сахиулагч болон Конгогийн таван цэргийг хөнөөжээ. Энэ нь нэг халдлагын үеэр хамгийн олон энхийг сахиулагч амиа алдсан тохиолдлуудын нэг болж байна. Мөн уг халдлагын үеэр 53 энхийг сахиулагч шархадсан байна.

БНАКУ-ын засгийн газрын хүчнийхэн Умард Киву мужид зэвсэгт босогчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулсаар байгаа хэдий босогчид үе үе энхийг сахиулагчид болон энгийн номхон иргэд рүү халдсаар байна.

Ийм халдлага үйлдсэнийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш эрс зэмлэн буруушаагаад “Энэ бол дайны гэмт хэрэг үйлдсэнтэй дүйцэхүйц хэрэг” гэжээ. Мөн Африкийн энэ улсад явуулж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг тэрбээр олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ