Сэлбэ гол дагуу мөсөн хотхон сүндэрлэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2017-12-08 13:25:21
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өвлийн улиралд хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, дэлхийд танигдсан уран бүтээлчдийн хийж бүтээсэн мөсөн баримлыг үзэж сонирхох боломжийг бүрдүүлэх зорилгоор Сэлбэ голын ай савд /Бээжингийн гудамжны гүүрнээс Скай хайпермаркет дэлгүүрийн баруун талын явган хүний гүүрэн гарц хүртэл талбайд/ мөсөн гулгуурын талбай бүхий цас, мөсөн хотхон байгуулж байна.
 
Энэхүү мөсөн хотхонд 70х24, 30х19 хэмжээтэй 2 ширхэг мөсөн гулгуурын талбай /Том хүн, хүүхэд/, Олон улсын мөсөн баримлын уралдаанд байр эзэлж байсан шилдэг 20 ширхэг мөсөн баримал /Өвлийн олимпийн сэдэвчилсэн/, үйлчилгээний байр /тэшүүр сольж өмсөх, халуун уух зүйлээр үйлчлэх/, гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, гэрлэн чимэглэл зэргийн ажлууд хийгдэх юм. Мөсөн хотхоныг энэ сарын 15-ны өдөр ашиглалтад оруулахаар мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ