Германы Социал-демократ нам А.Меркелийн эвсэлтэй хэлэлцээ хийхээр болов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-12-08 12:55:44
БЕРЛИН. /Шиньхуа/. Германы Канцлер Ангела Меркелийн барууны төвч үзэлт Христосын ардчилсан холбоо болон Христосын нийгмийн холбоо гэсэн хоёр намын эвсэлтэй их эвслийн засгийн газар байгуулах асуудлаар хэлэлцээ хийхийг дэмжсэн шийдвэрийг зүүний төвч үзэлт Социал-демократ намынхан пүрэв гарагт буюу өчигдөр хийсэн намын бага хурлынхаа үеэр гаргажээ.

“Шиньхуа” агентлагийн мэдээлснээр, Социал-демократ намын 600 орчим гишүүн өчигдөр хуралдаж, Германд үүсээд буй улс төрийн хямралыг төгсгөх зорилгоор А.Меркелийн хоёр намын эвсэлтэй хэлэлцээ хийх шийдвэрийг олонхын саналаар гаргасан байна.

Бага хурлын дараа Социал-демократ намаас гаргасан мэдэгдэлд “Нээлттэй хэлэлцээг ирэх долоо хоногоос хийж эхэлнэ. Бидэнд гурван хувилбар байна. Эхнийнх нь их эвслийн засгийн газар байгуулах. Хоёр дахь нь А.Меркелиэр удирдуулсан цөөнхийн засгийн газар байгуулахыг хүлээн зөвшөөрөх. Сүүлийнх нь хэрвээ шинэ засгийн газар байгуулж чадахгүй бол ээлжит бус сонгууль хийх” гэжээ.

Мөн уг мэдэгдэлд “Энэ улс орны төлөө ажиллах итгэл даасан, тогтвортой засгийн газрыг байгуулах зорилгоор манай нам яриа хэлэлцээ хийх энэхүү шийдвэрийг гаргалаа” гэжээ. Тус намын дарга Мартин Шульц энэ бага хурлын үеэр 81.9 хувийн саналаар намын даргаар улиран сонгогдсон байна.
 
Өнгөрсөн есдүгээр сард явуулсан парламентын сонгуульд А.Меркелийн Христосын ардчилсан холбоо болон Христосын нийгмийн холбоо эвсэл 33.5 хувийн саналаар тэргүүлсэн бол Социал-демократ нам 21 хувийн саналаар хоёрдугаарт орсон билээ. Социал-демократ намын дарга М.Шульц нь А.Меркелийн эвсэлтэй нэгдэхгүй гэдгээ сонгуулийн дараа мэдэгдсэнээр А.Меркель жижиг намтай хамтран эвслийн засгийн газар байгуулахаас өөр аргагүйд хүрээд байсан юм. Гэвч А.Меркелийн эвсэлтэй хамтран эвслийн засгийн газар байгуулахаар тохиролцоонд хүрээд байсан Чөлөөт ардчилсан нам цагаачлал болон эрчим хүчний асуудалтай холбоотой санал зөрөлдөөний улмаас эвслийн засгийн газарт нэгдэхээргүй болсноо өнгөрсөн сард зарласан юм. Үүний улмаас А.Меркель хүнд байдалд ороод байв.
 
Харин Социал-демократ намын дарга М.Шульц Германы Ерөнхийлөгч Фрэнк-Вальтер Штайнмайертай саяхан уулзсаныхаа дараа байр сууриа зөөллөж "А.Меркелийн хоёр намын эсвэлтэй хамтран дахин их эвслийн засгийн газар байгуулах асуудлаар яриа хэлэлцээ хийх эсэхийг намын гишүүдийнхээ санал бодлыг сонсож байж гаргана" гэж энэ долоо хоногийн эхээр мэдэгдсэн юм. Энэ бүхний эцэст өчигдөр болсон бага хурлын үеэр Социал-демократ нам нь А.Меркелийн хоёр намтай шинэ засгийн газар байгуулах асуудлаар яриа хэлэлцээ хийх шийдвэрийг олонхын саналаар гаргалаа.

А.Меркелийн хоёр намын эвсэл болон тус улсын хоёр дахь том нам болох Социал-демократ нам дахин их эвслийн засгийн газар байгуулж чадах эсэхийг харах л үлдлээ.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ