Лондон хотод айлчлах бодлоо орхихыг Д.Трампт зөвлөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-08 10:07:22
ШИНЭ ДЕЛИ. /РИА Новости/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Их Британид айлчилна гэсэн бодлоо орхих хэрэгтэй гэж Иерусалимыг “Израилийн нийслэл”-ээр хүлээн зөвшөөрч байгаагаа зарлахын сацуу Тель-Авив хот дахь АНУ-ын Элчин сайдын яамыг Иерусалим руу шилжүүлэх тушаал гаргасантай нь холбогдуулан Лондон хотын дарга Садик Хан мэдэгджээ.

“Д.Трамп ийм шийдвэр гаргасан нь маш ноцтой асуудал. Тэрбээр Арабын ертөнцийг гутаан доромжилж байгаагаа ойлгохгүй байна. Иерусалимын статусын талаарх эцсийн байр суурийг Израиль болон Палестин гэсэн хоёр тал шууд яриа хэлэлцээ хийх замаар л тодорхойлох учиртай. Би Д.Трампыг хоёрдугаар сард Лондон хотод айлчлахаар төлөвлөж байгаа гэж сонссон. Д.Трамп энэ бодлоо эртхэн хаясан нь дээр гэж би үзэж байна” хэмээн Садик Хан Пакистаны “Geo TV” телевизэд ярилцлага өгөхдөө хэлсэн байна.

Мөн Лондон хотын дарга цааш нь ярихдаа “Д.Трампын хийсэн алхмыг Франц, Их Британи төдийгүй дэлхийн бусад орон зэмлэн буруушааж байна. Түүний шийдвэрийг тайван замаар эсэргүүцэж, Ойрхи Дорнодод хүчирхийллийг өдөөн дэгдээхээс зайлсхийх хэрэгтэй. АНУ болон Их Британи бол найрсаг харилцаатай улс орнууд гэгддэг. Тийм ч учраас би АНУ-ын төрийн тэргүүнд хандан хэлэхэд "Тийм ээ, манай хоёр улс бол найрсаг харилцаатай. Гэхдээ та, Иерусалимын талаарх байр сууриа өөрчлөх ёстой” гэжээ.
 Э. Аянзаяа
Холбоотой мэдээ