Багийн засаг дарга нарын ажлын хариуцлагыг чухалчлан хөндсөн сургалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-12-07 15:44:25
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас төрийн үйлчилгээний анхан шатны нэгж болсон багийн Засаг дарга нараа чадавхижуулах сургалт хэлэлцүүлгийг анх удаа аймагтаа зохион явууллаа.
Өнгөрсөн лхагва гарагт буюу өчигдөр аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд болсон энэхүү үйл ажиллагаанд аймгийн 17 сумын Засаг дарга нар, аймгийн 56 багийн Засаг дарга нар, сумдын ЗДТГ-ын дарга нар оролцлоо. Энэхүү сургалт хэлэлцүүлгийн гол зорилго нь Засаг захиргааны анхан шатны нэгж болох багаас иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, багийн Засаг даргын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэгдсэн юм. Мөн сургалт хэлэлцүүлгээр дамжуулан багийн дарга нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх, аймаг орон нутгийн бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд багийн дарга нар юун дээр анхаарч ажиллах тал дээр шинэ мэдээлэл өгөхийн зэрэгцээ салбарын хуулиудыг багийн түвшинд хэрхэн хэрэгжүүлэх талаар агентлагийн дарга нар өөр өөрийн салбар бүрээр мэдээлэл өглөө.
Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан мэдээлэл өгсөн зарим иргэдээс ярилцлага авсан юм. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны захирагчаар олон жил ажилласан С.Раднаабазар иргэдийг хөдөлгөж, аливаа ажилд уриалан дуудаж чадвал багийн ажил урагштай явдаг хэмээн ярилаа.  
С.Раднаабазар:Багийн даргын дор ажиллаж байгаа ажлын алба бол маш чадвартай байх ёстой

Энэ үеэр хамгийн олон жил багийн засаг даргаар ажилласан Мандал сумын Түнхэл тосгоны захирагч асан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч С.Раднаабазар “Багийн дарга гэдэг бол төрийн үйлчилгээг иргэддээ хүргэж байгаа хамгийн анхан шатны нэгж шүү дээ. Иймээс маш хариуцлагатай, өдөр бүр, цаг тутам иргэдээсээ үнэлгээ авч байдаг ажил. Тэгэхээр мэдээж иргэдээсээ саналыг нь сонсоод тэр гарсан саналыг хэрэгжүүлэх нь багийн Засаг даргын үүрэг байдаг. Үүнийгээ хэрхэн яаж хэрэгжүүлэх тал дээрээ маш олон талаас нь харж, үзэж төлөвлөгөө гарган ажиллах ёстой. Ингээд иргэдийн санал, санаачилга, хөдөлгөөн өрнөөд ирэхээр төрийн ажил аяндаа өөрөө явдаг. Нөгөө талаас дээд шатныхаа удирдлагуудтай сайхан баг болж, нэгдэж, дэмжлэг авч ажиллаж чаддаг байх хэрэгтэй. Мөн багийн даргын дор ажиллаж байгаа ажлын алба бол маш чадвартай байх ёстой. Энэ хэд нийлэх юм бол төрийн ажил аяндаа өөрөө урагшаа явах боломжтой болдог. Миний хувьд өөрийгөө их азтай хүн гэж бахархан боддог юм. Миний ажиллаж байсан үед аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, сумын Засаг дарга Б.Цээпилдорж, хурлын дарга Ц.Эрдэнэчимэг гээд үнэхээр мундаг хүмүүстэй гар, сэтгэл нийлж ажиллаж байсан. Ийм учраас миний ажил их сайхан явж байсан байна. Би багийн засаг даргаар 9 жил ажилласан. Гол нь бэлэн мөнгө хараад суух биш өөрсдийн хүч, нөөц бололцоогоо ашиглаад хийх ажил зөндөө их байдаг. Мөнгийг заавал төрөөс биш, өөр салбараас олох боломж их байдаг. Түүнийг л олж харж, ажиллах хэрэгтэй” хэмээн ярилаа. 
Харин багийн Засаг дарга нар зарим ажилд хайнга хандаж байгаагаас иргэд хохирох, үнэн зөв мэдээлэл гарахгүй байгаа талаар мэдээлэлдээ дурьдсан юм.
 
Сэлэнгэ аймгийн ХХҮГ-ын дарга Л.Зоригтбаатар:Ядуугаараа бахархдаг үзэл нийгэмд бий болоод байгаа нь сөрөг үр дагавартай

Ер нь төрийн үйлчилгээг хамгийн анхан шатанд хүргэж байгаа хүмүүс бол багийн засаг дарга нар. Багийн засаг дарга нар нь төрийн зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээг ард иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулах нь нэн чухал байдаг. Тийм учраас энэ зөвлөгөөнөөр багийн засаг дарга нарыг чадавхижуулах, хууль эрх зүйн мэдлэгийг нь дээшлүүлэх чиглэлээр сургалт өгч байгаа нь их чухал ажил болж байна. Мөн эдгээр хүмүүстэй цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар зөвлөгөө хийж байгаа нь хамгаас чухал асуудал гэж би ойлгож байна. Энэ жилийн хувьд манай хэлтсээс багийн засаг дарга нартай хамтарч хамгийн чухал том нэг ажил хийсэн. Энэ маань өрхийн амьжиргааны түвшинг тогтоох улсын хэмжээний компанит ажил байлаа. Бидний зүгээс бүх багийн засаг дарга нарыг сургалтанд хамруулсан. Энэ судалгааг хийх бүх санхүүгийн асуудлыг шийдэж өгсөн. Энэхүү компанит ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 20 гаруй мянган өрхийг судалгаанд хамруулсан байгаа. Харамсалтай нь энэ судалгаа маань их үр дүн муу дүнтэй гарсан. Яагаад вэ гэхээр энэ нийт судалгаанд хамрагдсан өрхийн 50 гаруй хувь нь өрхийн мэдээллээ буруу өгсөнөөс болоод энэ судалгаа өнөөдрийг хүртэл сунжирч байна. Судалгаагаар бид өрхийнхөө амьжиргааны түвшинг тогтоож, энэ өрхөд төрийн ямар үйлчилгээ, ямар дэмжлэг туслалцаа шаардлагатай байна вэ гэдэг гол зүйлээ тодорхойлох учиртай байсан. Гэтэл хэд хэдэн байртай хүн байргүй, малтай хүмүүс малгүй, ажил хөдөлмөр эрхэлдэг байж ажилгүй гэсэн буруу мэдээлэл өгсөн байсан. Эдгээр мэдээллийг бид улсын нэгдсэн сантай тулгаад ирэхээр буруу гэдэг нь нотлогдоод байгаа юм. Өнөөдрийн манай нийгэмд харамсалтай нь ямар уур амьсгал давамгайлаад байна вэ гэхээр. Ер нь иргэд ядуу болох хүсэлтэй болчихсон байна. Энэ туйлын харамсалтай. Биднийг залуу байхад нэгийгээ ядуу гээд хэлчихвэл бараг л уурлаад бөөн юм болдог байсан. Одоо бол ядуугаараа бахархдаг үзэл нийгэмд бий болоод байгаа нь сөрөг үр дагавартай гэж бодож байна.
“Төрийн үйлчилгээ-багийн засаг дарга” сэдэвт энэхүү сургалт хэлэлцүүлгийг аймгийн ЗДТГазраас Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Манлайлал, удирдлага хөгжлийн академитай хамтран зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаа нь цагаа олсон, зөв зүйтэй ажил боллоо хэмээн оролцогчид баяртай байлаа. 
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ