Хүчирхийллийн эсрэг аянд Сангийн яамныхан нэгдлээ

Монголын мэдээ | Хууль
183@montsame.mn
2017-12-07 13:14:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/.НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүр зохион байгуулдаг “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-д өнөөдрөөс эхлэн  Сангийн яам нэгдэв.
Уг аяны хүрээнд иргэд олон нийтийн хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх, холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, хуулиар хүлээсэн үүрэг, оролцоог нь нэмэгдүүлэх зорилгоор “Цагаан туузтаны хөдөлгөөн”-ийг тус яамны жендерийн орон тооны бус салбар зөвлөлөөс зохион байгуулав. Өглөө ажил эхлүүт буюу  08.30-10.00 цагт  яамны  албан хаагчид "цагаан тууз" зүүж, хүн бүр хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрөхгүй, хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлэхийг уриалсан юм. Цагаан туузтаны хөдөлгөөнд нэгдэж буй байгууллага, ажилтнууд хэвлэл мэдээллийн  болон өөрсдийн албан бус цахим хуудсаар тус аянд нэгдэж байгаагаа илэрхийлж, түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй байдаг. Тус аяныг дэлхийн 180 гаруй орон, 6000 гаруй байгууллага жил бүр зохион байгуулдаг болсон. Монгол Улс 1998 оноос тус аянд нэгдэж, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ жил бүр хариуцан зохион байгуулж, аяныг дэмжигч хувь хүн, төр, төрийн бус байгууллага, бүлгүүд түүнчлэн олон улсын байгууллагуудтай хамтран, хөдөлгөөнийг өрнүүлэхэд дэмжлэг үзүүлсээр байна. Монгол Улсын 2018-2019 оны улсын төсөвт хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүд, гэрч хохирогчийг түр хамгаалах байр болон хүүхэд хамгааллын үйлчилгээний төвд нийт 850.0 сая төгрөгийн хөрөнгийг тусгаад  байгааг ч энэ үеэр онцлов.

 

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ