Санал асуулгын тухай хуулийн өөрчлөлтийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-11-17 15:19:14

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх шатны хэлэлцүүлгийг хийхэд гишүүдийн 52.6 хувь нь уг төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Батбаяр хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулсан юм. Тэрбээр илтгэлдээ, “УИХ-ын даргын захирамжаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийг энэ оны эхээр байгуулсан. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд асуудлыг тал бүрээс нь судалж үзээд тус хуулийн төслийг боловсрууллаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрх нь УИХ-д бий. Гэхдээ энэхүү асуудал нь ард нийтийн хувь заяаны асуудал тул УИХ-ын гишүүд дангаараа шийдвэрлэх нь учир дутагдалтай хэмээн үзэж, ард нийтийн хэлэлцүүлэг болгохоор шийдсэн” гэлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Энхболд, "Үндсэн хуулинд өөрчлөлт хийх шаардлагатай. Гэхдээ дэмжихгүй байх дөрвөн шалтгаан байна. Манай намаас “Үндэсний зөвшилцөл” арга хэмжээг өмнө нь зохион байгуулахад парламентад суудалгүй намууд дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Мөн Үндсэн хуулийн ажлын хэсгийн гишүүдийн санаа бодлыг бүрэн тусгаагүй байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхийн тулд Үндсэн хуулийн хамгаалалт болсон хуулиудад өөрчлөлт орно. Түүнчлэн цаг хугацааны хувьд боломжгүй” гэсэн дөрвөн шалтгаанаар дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.

Харин УИХ-ын гишүүн М.Батчимэг ирэх дөрвөн жилд бид улстөрийн болоод эдийн засгийн хүндрэлээс салъя гэвэл Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх ёстой гэсэн байр суурьтай байв. Тодруулбал, тэрбээр “Дараагийн 4 жилд УИХ өнөөдрийнхөөс битгий нэр хүнд нь унаасай. Дараагийн 4 жилд улс орны эдийн засаг битгий улам их хямраасай. Дараагийн УИХ сайд огцруулах асуудлыг битгий олон удаа яриасай. Дараагийн 4 жилд ард түмний амьдрал дээшлээсэй гэж бодож байна. Юуны өмнө хэлэхэд, Үндсэн хуулиндаа бүх буруугаа чихэж болохгүй. Шинэ Үндсэн хууль маш их дэвшил авчирсан. Өнөөдөр өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бол үүссэн. Хамгийн түрүүнд хийж болох нэг ажил нь Засгийн газар, УИХ хоёрын үүрэг хариуцлагыг салгах явдал юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжийг нь олгох явдал гэж харж байгаа” гэсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд үгээ хэлж, саналаа гаргасны дараагаар санал хураалт явуулахад олонх дэмжсэн. Ард нийтийн санал асуулга явуулах тухай хууль 1995 онд батлагдсан ч нэг ч удаа хэрэглэж байгаагүй аж.

Б.Туул

 

Холбоотой мэдээ