МУИС хөгжлийн бэрхшээлтэй оюутанд ээлтэй орчин бий болгоход хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2017-11-30 16:12:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр МУИС-ийн Номын сангийн хоёрдугаар давхарт 12 дугаар сарын 3-нд болох Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  олон улсын эрхийн өдрийг угтан ”Хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжье”  өдөрлөг  боллоо.

Өдөрлөгийг Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв /СЗСҮТ/, МУИС-тай хамтран зохион байгуулж байгаа юм. Нээлтийн ёслолд СЗСҮТ-ийн дарга Ц.Ганчимэг, удирдлагуудын хамт, МУИС-ийн ректор Я.Төмөрбаатар, сургалт оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг тэргүүтэй 10 гаруй салбар сургуулийн захирал оролцлоо. 

СЗСҮТ-ийн БХНОХ-ийн мэргэжилтэн Э.Уянга: “МУИС-ийг хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад ээлтэй дэд бүтэцтэй, хүртээмжтэй орчинг бий болгохоор хамтран  ажиллаж байгаа” гэв. 

Энэхүү өдөрлөгөөр МУИС-ийн оюутнуудын дунд хөгжлийн бэрхшээлийн талаар судалж танин мэдэх явцдаа тэдний талаарх эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилгоор мэтгэлцээн зохион байгуулсан. Мэтгэлцээнд МУИС-ийн салбар сургууль бүрийн төлөөллүүд, мэтгэлцээний клубууд оролцож өрсөлдсөн байна. Мөн МУИС-ийн багш ажилтан оюутан зэрэг 20 гаруй хүмүүст 3 өдрийн дохионы хэлний анхан шатны сургалтыг зохион байгуулжээ.



Үүнээс гадна бэрхшээлийг биеэр мэдрэх сургалт явуулж, үүнд харааны бэрхшээл, сонсголын гэх зэрэг ажил багтсан бол хөгжлийн бэрхшээлтэй 98 оюутанд сэргээн засах үзлэг, оношилгоонд хамруулж шаардлагатай зарим хүнд сэтгэл зүй болон хууль зүйн зөвлөгөө өгсөн байна. Бас МУИС-ийн 5 байранд дэд бүтэц, хүртээмжийн үнэлгээ хийж зөвлөмж боловсруулан хүргүүлсэн зэрэг ажлуудыг хийжээ. 
 
Д.Өлзий
Холбоотой мэдээ