Ажлын байр нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшил хамтран ажиллах ёстой гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-11-30 12:57:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх боломжийг тодорхойлох зорилго бүхий  “Нэг өрх-Нэг ажлын байр” хэлэлцүүлэг өнөөдөр НЗДТГ-аас зохион байгуулав.

Нийслэлээс хэрэгжүүлсэн “Нэг өрх-нэг ажлын байр” дэд хөтөлбөрийн үр дүнгийн талаар холбогдох албаныханд мэдээлэл өглөө. Мөн хөтөлбөр хэрэгжүүлэх явцад хуримтлуулсан туршлагад тулгуурлан цаашид авч хэрэгжүүлэх бодлогын талаар санал солилцлоо.

Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр “Ажилгүй иргэдийг орлоготой болгож, ядуурлыг бууруулах зорилгоор өнгөрсөн нэг жил гаруй хугацаанд Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар (НХЭГ)-аас “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд 9000 гаруй ажлын байрыг бий болгож,  “Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээ”-нд нийслэлийн 6 дүүргийн 566 иргэн хамарсан. Ингэснээр иргэд өөрөө өөртөө ажлын байр бий болгож, тариалсан хүнсний ногоогоо борлуулах, орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдсэн. Тухайлбал, хөтөлбөрт хамрагдсан иргэд хамтран 26 хүлэмжид өргөст хэмх тариалж, 70 гаруй сая төгрөгийн борлуулалт хийсэн. Цаашдаа ажлын байрыг нэмэх чиглэлд төрийн байгууллагууд хувийн хэвшилтэй нягт хамтран ажиллах ёстой. Тиймээс өнөөдөр хувийн хэвшлийн удирдлагуудтай уулзаж, дээрх асуудлыг хэлэлцэж байна” хэмээв.

Хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, МАОЭНХ-ны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МҮЭХ-ны Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат болон нийслэлийн төр захиргааны байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ